Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний төвүүдээр дамжуулан олгоно

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн.

Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм. Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна. Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон, Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл, Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болохоор боллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *