Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн хуулиар асуулга тавилаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа, гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор хэчнээн иргэн газраа орон сууцаар солих хүсэлт гаргасан зэрэг өргөн агуулгын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулга тавьжээ.

Асуулгад тодотгосноор 2012 оны байдлаар улсын хэмжээнд 28288 га газрыг 256 мянган иргэн өмчилж авсан гэсэн нь нийт хүн амын 9.2 хувь, нийслэлийн иргэдийн 8.0 орчим хувь юм байна. Мөн УИХ-аас Газар өмчлөлийн хуулийн хугацааг хоёр удаа сунгаж, 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөхөөр тогтоож өгсөн аж. Гэвч сүүлийн үед

нийслэлийн зарим дүүрэг, хороодод олон жил суурьшсан газрыг нь иргэдэд өмчлүүлэхгүйгээр аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх шудрага бус үйлдэл гарч байгаад бухимдсан иргэдийн өргөдөл, гомдол олноор ирэх болсон аж. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий гишүүд асуулга тавьжээ. Хуульд зааснаар асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой юм. Асуулгын хүрээнд дараах 10 асуултад хариулт хүсчээ.

  1. Монгол Улсын 2012, 2013, 2014 оны байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон газрын нэгдмэл сангийн байдлын талаарх мэдээлэл.
  2. Улаанбаатар хотод 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэдэд өмчлүүлсэн болон аж ахуйн нэгжид эзэмшүүлэх шийдвэр гаргаж ашиглуулж буй газрын хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр).
  3. 2012 оны наймдугаар сараас хойш иргэд удаан хугацаагаар оршин сууж байгаа газрыг аж ахуйн нэгжид илт давуу байдлаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)
  4. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар аж ахуйн нэгжид (төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар) Монгол улсын газар нутгийн хэдэн хувьд түрээсээр, дунд болон урт хугацаагаар гэрээгээр эзэмшүүлж байгаа газартай холбогдсон мэдээлэл, хувь хэмжээ. (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр)
  5. Монгол Улсын иргэн өмчилсөн газраа аж ахуйн нэгжид худалдсан газартай холбогдсон мэдээлэл, хувь, хэмжээ. ( аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэсэн ангиллаар).
  6. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан хороодын тоо. Энэ хөтөлбөр нь хэзээ дуусах, цаашид дахин төлөвлөлтөнд оруулахаар төлөвлөж буй гэр хорооллын тоо, түүнчлэн хотын гэр хорооллыг хэдэн он гэхэд дахин төлөвлөж дэд бүтэцжүүлж дуусахтай холбогдсон мэдээлэл.
  7. 2012 оны наймдугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны тоо болон орон сууцанд орсон өрхийн тоо, санхүүжилтийн нийт хэмжээ (дүүрэг, хороо тус бүрээр). Мөн дахин төлөвлөлт хэрэгжиж буй гэр хороололд өмчилсөн газраа үнэлж орон сууцаар худалдаж авах төлбөрт оруулан тооцож байгаа иргэд, орон сууц барьж байгаа аж ахуйн нэгж хоёрын хооронд худалдааны нөхцөлийн талаар гарч буй маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа болон эдгээр иргэдэд худалдааны сайн нөхцлийг бий болгохын тулд тухайн гэр хороололд орон сууц барихад хэд хэдэн аж ахуйн нэгжийг өрсөлдүүлэх боломжтой эсэх талаар.
  8. 2012, 2013, 2014 оны байдлаар 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан өрхийн тоо, энэ санхүүжилтийн эргэн төлөлтөнд ямар нэг эрсдэл үүсэх талаарх төсөөлөл байгаа эсэх (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).
  9. 2012, 2013, 2014 оны орон сууцны зах зээлийн дундаж үнэ цаашдын үнийн талаарх төсөөлөл, борлуулсан, борлогдоогүй орон сууцны тоо (аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо тус бүрээр).
  10. 8.0 хувийн орон сууцны зээлд хамрагдсан, улсын төсвөөс санхүүждэг байгууллагад ажилладаг иргэд, өрхийн тоо, үүнээс гадна улсын төсвөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг тухайн төсвийн байгууллага нь хариуцаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ үйлдэл нь хууль эрх зүйн ямар үндэслэлтэй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мэдээлэл хийхийг хүсье гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *