Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна.
Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан таван байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам байршилд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн тариан булаг II байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн II хороо Хангайн хөндий байршилд “Онч сөрвэй” ХХК ажил гүйцэтгэнэ.