Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмждэг болно

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ, НЗДТГ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ “Монгол улсад энэхүү төслийг хэрэгжүүлснээр Япон Улсын тэргүүн туршлагаас суралцах, болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон нийтийн мэдлэг боловсрол дээшлүүлж урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байна” гэлээ.

Мөн 2017 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү хуультай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулах шаардлага гарч байна.

2017 оны 03 дугаар сарын 20-30-ны өдөр Шадар сайдын Ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн.

Энэ хүрээнд Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан монголын хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

Өнөөдрийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурлаар төслийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэн Япон дах сургалтын тухай танилцуулга, ажлын хэсгүүдээс төслийн явцын талаар танилцуулга хийх юм.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрхи тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *