Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар дээрх ганц ах минь нисээд өнгөрөлгүй буугаад явсан нь яамай даа

Монголын үе үеийн эх орончдын хүсэл бол хоёр хөршөө давж харьцах байсан юм. Хоёр хөршийн цаазын тавцан дээр зөвхөн энэ үзлээсээ болж толгойгоо авахуулж байсан. Тиймээс одоо цагийн гурав дахь хөршийн тэргүүнд АНУ-ыг бид нэрлэж байгаа. Мэдээж АНУ-ыг дагаад Япон, Өмнөд Солонгос, мөн Европын холбооны улс ч гурав дахь хөршүүд. Эдгээр улс бол бидний үнэ цэн юм. Гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд нэрлэгдэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нисээд өнгөрөлгүй буугаад явлаа. Сонгуулийн өмнө ингэж ирсэн нь та нарыгаа мартаагүй шүү гэсэн санаа юм уу даа. Монгол сайхан орныг минь “Ардчиллын баянбүрд” гэж хэлсэн нь хичнээн өөриймсөг дотно санагдав. Түүний үг бүрт, өгүүлбэр бүрт утга агуулга дүүрэн байв. Жон Керриг манай улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Жон Керри манай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. АНУ Монголтой ил тод байдлын гэрээг ирэх долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх талаар Гадаад хэргийн сайдтай ярилцсан гэлээ. Энэ нь нүүрээ буруулаад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал алхам болохыг ч бас хэлчихсэн. Нэг ёсондоо АНУ итгэл үзүүлж байгаа нь хүндхэн байгаа эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх нь гэж харж болох юм. Монголын тэргүүний сэхээтэн залуустай уулзав. Мянганы сорилын сангийн хоёр дахь ээлжийн 700 мянган долларын санхүүжилтийг хөндөж ярилаа. Гадаад бодлогын талаар анхаарал татсан, ноцтой үг хэлэв. Ардчиллын талаар байр сууриа хэллээ. Өнгөрсөн арван жилд ардчилсан улс орнуудын тоо 33-аар нэмэгдсэн гээд дэлхийд ардчилал улам бэхжиж байна гэлээ. Гэхдээ ардчилалд сорилтууд тулгарч байгааг, тэр сорилтыг даван туулахыг, хүний эрх, эрх чөлөөний тухай, ардчилал гэдэг Монголын ард түмэн бүгдээрээ юм гэв. Тэд биднээс нүүр буруулахгүй, гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд, ардчиллыг бэхжүүлэхэд тусалж дэмжихээ ийнхүү илэрхийлчихлээ.

Төвийг сахина гээд итгэхгүй байвал дэмий дээ гэсэн санаа хэллээ. Юун дээр төвийг сахих нь чухал гэдгийг онцолсон. Энэ нь Монгол Улсыг олон улсад хүчтэй үйл ажиллагаа явуулахыг хүчилсэн, ардчиллаа илүү төгс болгохыг сануулсан хэрэг байлаа. Зөрчил, тэмцэлтэй хоёр улстайгаа төвийг сахисан байх шаардлагатай, өөрөөр хэлбэл ёс суртахууны асуудалд тодорхой байр суурьтай байх ёстой. Тэр ёс суртахууны луужингаа алдвал улс орон, эрх чөлөөгөө алдана гэлээ. Төвийг сахих гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулсан. Тэрнээс биш хоёр хөршийнхөө үгээр санаа амар хэвтээд байхыг хэлээгүй байх. Манай хоёр хөршийг өөрчлөгдөж сайжраасай гэж хардаг. Хоёр улсын дарамт их ирж байгаа ч та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн төлөө тэмцэж байна гэлээ. Хоёр хөрштэйгөө эвтэй байхаас аргагүй. Гэвч хоёр хөрш маань бидэнд тийм ч найртай биш байх юм. Хойд хөршийн тэргүүн Путин ирээд тусалж дэмжье, хамтрах юман дээр хамтарна гээд явсан. Ярьсан хэлснээс нь чих дэлдийлгэж, сэтгэл баясгах сайн үр дүн өнөөдрийн хувьд дуулдаагүй л байна. Урд хөршийн дарга Си Жиньпин ирээд “Хамтдаа хөгжье” гэсэн ч хэлсэндээ төдийлөн хүрэхгүй байгаа. Ирээд хэлсэн ярьсан нь үнэхээр сэтгэл уярам, ядарсан дүүгээ өөд нь татаад аваад явчихна гэж байгаа мэт боловч бодит байдал дээр тийм биш байна. Монголчууд ч ах минь гэж саймшран дуулгавартай байхаасаа илүүтэй хөрш орон гэдэг утгаар нь л хүлээн авах болсон. Тэд бидэнд өнөөдрийг хүртэл олон зүйл дээр хатуурхаж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа. Цасны усаар ч нөхөгдөх юмыг Байгал нуурт нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэтэл Байгал нуурт цутгаж байгаа усны 18 хувь нь Сэлэнгээс орж байгаа. Энэ нь Байгал нуурт 0.023 хувийн л нөлөө үзүүлнэ гэж Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн захирал Д.Одхүү ярьсан байна лээ. Бараг цасны усаар л нөхөгдчих хэмжээний нөлөөллийн асуудлыг л дуулиан болгож сүр бадраасан байгаа юм. Гэтэл санхүүжилт хийх Хятадын тал Оросын Байгал нуурт нөлөөлөх бол мөнгө өгөхгүй гэдэг. Энэ жишээнээс харахад л хоёр хөршийн хандлага ямар хүйтэн байгааг аргагүй мэднэ. Мөн төмөр замын дуусашгүй дуулиан байна. Хэдэн жил л ярилаа. 270 км төмөр зам барихаас болж манай улс ч хоёр талцаад байна. Хоёр хөрш мөн л төмөр замын асуудалд хуруу хошуугаа нэмэрлээд ажил явуулахад саад болсоор өдийг хүргэлээ. Нэг нь нарийн царигаар тавибал хятадууд танкаар орж ирээд сүйдэлнэ гэж айлгаад нөгөө нь “Бид танкаа аваад ороход буцах юм алга” гэсэн шиг дүр байдал үзүүлдэг. Манайд бол хувийн компани, улстөрчдийн хэрүүлээс болоод зогсчихсон. Одоо ердөө л нэг овоолгоостой шороо байна. Нэг нь эх оронч, нөгөө нь эх оронч биш гээд иргэний дайн гарахаа дөхөх юм. Байдал ийм л байна. Ийм ч байсаар ирсэн. Энэ бүхний эцсийн дүнд монголчууд бид ядуу хоосон л үлддэг.

Ийм учраас гуравдагч хөрш гэж дуугарсан нь амиа алдахаа мэдсээр байж өвөг дээдэс маань түүний төлөө тэмцээд байсан юм шүү дээ. Тиймээс ч гурав дахь хөршийн тэргүүн эгнээнд дуудагддаг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга буугаад мордсон нь туйлын ач холбогдолтой юм гэж бид баярлаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *