Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр: Азийн наадмын үеэр П.Орхоны хоолонд допинг хийсэн гэж хардаж байгаа

Зүүн гараас: Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, П.Орхон, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр

Өнгөрсөн наймдугаар сард Жакартагийн Азийн наадамд дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрсэн. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоо болон П.Орхоны зүгээс ямар нэгэн тайлбар хийлгүй байсаар өнөөдөртэй золгосон юм. Бид П.Орхоныг гардаж бэлддэг дасгалжуулагч гавьяат тамирчин Ц.Цогтбаяртай ярилцлаа. Тэрбээр одоогоор Хөххотод дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж.


-Нийгэм солигдож дэлгүүрийн лангуун дээр талх бор, давснаас өөр бараагүй хүнд үед та сайн барилдаж үндэсний шигшээ багийн нэрийг өргөж байсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би өөрөө 1982 онд хоёр ахыгаа дагаад Жамцын Батбилэг гэж хүний шавь болж чөлөөт бөхөд хөл тавьж байлаа. Эдийн засаг хүнд үед хоёр идэхгүй, хоосон хонохгүй бэлтгэлээ хийж явсаар 1990 онтой золгосон. Тухайн үеийн улсын хоёрдугаар шигшээ багт нэр орж ерөнхийдөө бөх барилдах зам минь дардан болсон доо. 1991 онд дэлхийн аваргад хоёр ахтайгаа хамт орж байлаа. 1992 оны олимпийн наадамд хүртэл ах дүү гурав зодоглож явсан түүх бий. Тухайн үед нийгэм эдийн засаг хүнд байсан ч Монголоо дуурсгаж дэлхийн дэвжээнд зодоглож явсандаа сэтгэл хангалуун байдаг юм. Бөхийн замналдаа харамсаж байсан удаа надад байхгүй ээ. Өөрийнхөө чадлаар сайн багш нарын буянд л тэр хэмжээнд барилдаж байсан.

-1993 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан үеэ эргээд дурсвал?

-Би ид сайн барилдаж байсан үе л дээ. Олон жилийн хөлс хөдөлмөрөөр ирсэн тэр медальдаа хайртай байдаг юм. Олон ч хүнд барилдаан хийсэн болохоор надад юу юунаас илүү үнэ цэнэтэй.

-Тэр жилээ шилдэг техниктэй бөхийн шагнал хүртэж байсан санагдаж байна?

-Дэлхийн бөхийн холбооноос жил бүр хамгийн шилдэг техниктэй нэг бөхийг шалгаруулдаг байсан л даа. Олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Жон Смит, Бувсайр Сатиев зэрэг эрхмүүд энэ шагналыг гардаж байсан. Их цөөхөн хүнд олгодог үнэ цэнэтэй эд л дээ. Энэ шагналыг хүртэж байсан сайхан үе надад бий.

-1993 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх барилдааны өмнө “Алтан шүгэл”-ийн эзэн А.Басхүү шүүгч та хоёрын дунд нэг яриа болсон гэдэг?

-1990 оны Токиогийн Дэлхийн аваргаас гавьяат тамирчин Пунцагийн Сүхбат ах медаль авснаас хойш амжилтын буухиа тасарчихаад байсан үе л дээ. Бид өөрсдөө зардал мөнгөө зохицуулж тэмцээндээ явна. Дэмжээд туслаад өгчих боломжтой хүн байсангүй шүү дээ. Б.Гантогтох, А.Сүхбат, Л.Сэргэлэнбаатар бид дөрөв Намшир багштайгаа Дэлхийн аваргыг зорьж байлаа. Шүүгчээр А.Басхүү ах шүүгчээр явсан. Очоод үзсээр байгаад л хүрэл медалийн төлөө гараад ирсэн. Тэгсэн Басхүү ах ирээд “Одоо яах вэ. Яавал дээр вэ. Багш нь ганц нэг шүүгчдээ хэллээ. Чи яавал хожих вэ” л гэж байна. Тухайн үеийн Монголын брэнд говийн ноолууран цамцаар л ганц нэг шүүгчийн гарыг цайлгадаг байсан үе л дээ. Би “Та ямар нэгэн аргаар наадахдаа эхний торгуулийг өгчих. Бие нь хуурай байхад хэвтээгээс асуудалгүй дуусгана” гэж хэлсэн юм. Өрсөлдөгч маань ч Европын хошой аварга болчихсон Румыний тамирчин байлаа. Ингэж байтал барилдаан ч эхэллээ. Эхний минутад би зүтгээд нэлээн дайрсан. Хоёр дахь минут эхлэхэд шүүгч өрсөлдөгчийг маань торголоо. Хэвтээд шилжихэд нь би арван хэдэн оноо аваад хүрэл медаль зүүж байсан түүхтэй.

-Та дасгалжуулагчийн албанд хэзээнээс шилжсэн юм бэ?

-Миний тамирчны замнал 2000 онд өндөрлөсөн. 2001 оноос л “Алдар” спорт туслах дасгалжуулагчаар ажиллаж гарын шавь нараа бэлдэж явсаар өнөөдөртэй золгож байна. Өөрийнхөө хүрээгүй оргилд шавь нараараа дамжиж гарахыг зорьж зааланд бүтэн өдрийг барж байна даа.

-2013 онд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албанд томилогдсон санагдаж байна?

-2012 оны Лондонгийн олимпийн наадмаар эрэгтэй шигшээ багийн тамирчдаас 120 кг-ын жинд зодоглосон Ж.Чулуунбат л нэг ялалт авсан. Бусад нь бүгд эхний даваандаа бүдэрсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүгээгүй зургаан жил тасарчихсан багийн жолоог О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр бид дөрөв атгасан. Шигшээ баг их зөв бүрдсэн байсан л даа. БТСГ-ын даргаар гавьяат тамирчин Б.Наранбаатар, ерөнхий дасгалжуулагчаар ардын багш А.Басхүү ажиллаж байлаа. Энэ чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг хэрхэн босгох талаар А.Басхүү багшийн өрөөнд өдөр шөнөгүй хуралдаж байсан даа, бид дөрөв. Тухайн үеийн 17 шигшээ баг олимпийн циклийн төлөвлөгөөгөө ерөнхий дасгалжуулагч А.Басхүүгийн удирдлагад маш сайн боловсруулсан байсан. Энэ баг хамт олноороо 2016 олимпийн наадамд оролцсон бол чөлөөт бөх 2-3 медаль авах байсан гэж боддог юм. Бокс, жүдогийн багийнхан ч илүү амжилт үзүүлэх байсныг баттай хэлэх байна. Харамсалтай энэ хамт олны амжилтад дүргүйцсэн хүмүүс Б.Наранбаатар, А.Басхүү нарыг маань үүрэгт ажлаас нь тодорхой бус шалтгаанаар чөлөөлсөн. Ингээд шигшээ багийн зохион байгуулалт алдагдаж эхэлсэн. Улс төрийн лобби ороод дээгүүрээ халчихсан. 17 шигшээ багийн 16 холбоод нь ерөнхий дасгалжуулагч А.Басхүүтэй хамтарч ажиллах гарын үсэг зурж тухайн үеийн эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад хүсэлт хүргүүлсэн ч авч байгаагүй.

-Ямар дасгалжуулагч гарын үсэг зурахаас татгалзсан юм бол?

-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “Би Басхүү багшаас их юм сурч байна. Агуу авьяастай хүн” гэж үнэлж байсан ч гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. Басхүү багшийг халсан ч эрэгтэйчүүдийн шигшээ багийн хамт олон тэдэнтэйгээ хамтарч ажиллаж 2016 оны олимпийг дуусгасан. Орсон тэмцээн болгондоо л амжилт үзүүлж уначихсан байсан шигшээ багийг зөв ажиллаж сэргээж ирсэн.

-2015 онд АНУ-д зохион байгуулагдсан дэлхийн аваргад эрэгтэйчүүдийн шигшээ баг төсөөлөөгүй өндөр амжилт үзүүлж олон хүнийг баярлуулсан даа?

-Энэ дэлхийн аваргад орохын тулд олон бэрхшээлийг туулсан. Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлэх зорилго тавиад очиход МЧБХ-оос хуурамч виз гаргаж өгсөн нь тогтоогдож манай гурван тамирчин Дубайн шоронд хоригдож байлаа шүү дээ. Оронд нь багш нар нь жин дээр зогсож барилдаж дэлхийн аваргад оролцох эрхийг нь авч байсныг манайхан санаж байгаа байх. Шавь нар маань ч сайхан барилдаж ёстой л гялалзсан даа.

-2015 оны ДАШТ-нд гялалзсан чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн хамт олон Рио-гийн олимпт очоод хүлээлтэд хүрсэн амжилт үзүүлж чадаагүй?

-Гар нийлж ажиллаж байсан багийг тараасан гэж би түрүүн хэлсэн. Дэвжээнд бөх ганцаараа барилдаж байгаа ч ард нь бүтэн баг ажиллаж байдаг шүү дээ. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ирсний дараа хурал дээр би “Энэ удаагийн ДАШТ-нд үзүүлсэн амжилт МЧБХ-той ямар ч хамаагүй шүү. Энэ янзаараа олимпийн наадамд амжилттай оролцож чадахгүй” гэж хэлж байсан. Дэмжээд ажиллах юм уу гэж найдаж байсан ч бодит байдал эсрэгээрээ байсан л даа. Эрэгтэйчүүдийн баг олимпийн бэлтгэл гар ч байхад тусламж дэмжлэг огт үзүүлээгүй. Холбооны ерөнхийлөгч, нарийн бичиг хэн нь ч нэг ч удаа ирж уулзаагүй.

-Гавьяат Г.Мандахнарангийн барилдааны талаар?

-Хүмүүс энэ явдалд намайг буруутгаад байдаг юм шиг. Шавьдаа хамгаалалт зааж өгөөгүй, галзуу солиотой тэнэг үйлдэл гаргасан гэх хандлага ажиглагддаг юм. Би үүнийг дахиад тайлбарлая. Барилдааны үндсэн цаг дууссан байхад торгох дүрэм аль ч спортод байдаггүй. Тухайн багийг ахалж яваа хүн биеэр болон бичгээр зохион байгуулагчдад гомдол мэдүүлэх эрхтэй байдаг. Манай дарга Д.Дагвадорж эмэгтэйчүүдийн барилдаан дуусгаад л хаяад явчихсан. Дасгалжуулагчдад гомдол мэдүүлэх эрх зүйн үндэс байхгүй. Олимпийн медалиа луйвардуулчих аад дэвжээн дээр гарахаас өөр сонголт надад үлдээгүй. Элэг нэгт бөхчүүдээ харж хандах ёстой олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар намайг хувцсаа тайлахад утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Монгол зүрх сэтгэлтэй хүнээс гарах үйлдэл мөн үү гэдэг эргэлзээтэй.

-Энэ барилдааныг дүгнэх багийг Монголын чөлөөт бөхийн холбооноос томилсон байсан. Энэ ажил тэгж байгаад л чимээгүй болчихсон. Юу болсон бэ?

-Ардын багш А.Басхүүгээр ахлуулсан баг гаргаж ажиллуулсан л даа. Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар энэ багт ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт “Энэ барилдаан дээр Дэлхийн бөхийн холбооны дүрмийн хоёр заалтыг зөрчсөн” гэсэн шийдвэр гаргасан. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд зөв дүгнэлт гаргасан гэж байсан ч нөгөө хоёр шүүгч нь гарын үсэг зуралгүй зугтаачихсан. Ингээд энэ ажил сунжирсан даа.

-Тантай уулзсаных Дэлхийн аварга П.Орхоны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны гарын шавь яаж яваад допингийн асуудалд холбогдчихсон бэ. Юу болов?

-2017 онд П.Орхоныгоо хажуунаас алхам ч холдуулахгүй бэлдсээр байгаад Дэлхийн аварга болгосон. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард ДАШТ-ий сорилын барилдааны дараа шигшээ багийнхан шавийг маань хүчээр авч явсан. Багш дээрээ тусдаа бэлтгэл хийвэл “Азийн тоглолтод оруулахгүй” гэж шантаажилсан л даа. Ингэж авч яваад л ийм асуудалд хутгачихлаа.

-Та шигшээ багийн цугларалтад шавьтайгаа цуг явж болоогүй юм уу. 2020 оны олимпийн гол найдвар байсан шүү дээ. Дэргэд нь дагаж явах нь таны үүрэг биш үү?

-ДАШТ-ий сорил тэмцээн дээр миний өөр нэг шавь Б.Батмагнайгийн барилдааныг луйвардахад бид эсэргүүцэл илэрхийлсэн. Хариуд нь Хосоо ах бид хоёрыг цагдаад өгчихсөн. Өдөр болгон байцаагдаад шавийгаа дагаж явах боломж олгоогүй. Ингээд шигшээ баг руу Орхоныгоо явуулаад шууд Азийн тоглолтод явуулсан. Допинг илэрсэн. Орхон маань 2016 оноос хойш зургаан удаа допингийн шинжилгээнд хамрагдсан. Бүгд цэвэр гарсан. Шигшээ багийнхантай 14 хоноод л ийм асуудалд холбогдсон. Дан ганц Орхон ийм асуудалд орооцолдож байгаа хэрэг биш. 2016 оны тавдугаар сарын 20-ны үеэр Дэлхийн допингийн төвөөс эрэгтэй шигшээ багийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Мөн л цэвэр гарсан. Сэлбэ амралтын баазад долоо хоног бэлтгэл хийгээд Америк руу Дэлхийн цомд очиж допингийн шинжилгээ өгөхөд гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Өнөрбат олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, О.Үйтүмэн нараас хориотой бодис бага хэмжээгээр илэрсэн. Долоо хоногийн өмнө зүгээр байсан хүүхдүүдээс гэнэт хориотой бодис илэрсэн л дээ. Энэ бол эрэгтэй шигшээ багийг хорлон сүйтгэх ажиллагаа байсан.

-Тамирчдын хоолонд допинг хийгээд байдаг гэж ярьж байна уу та?

-Бид тамирчдаасаа алхам ч холддоггүй. Идэж ууж байгаа бүхнийг нь хянадаг. Бэлтгэл дээр өөрсдийн гараар хоол цайг нь хийж өгдөг. Бидний зөвшөөрлөөр энэ хоолыг идэж болно. Энэ цайг ууж болно гэж л дагуулж явдаг. Ийм учраас миний тамирчид цэвэр байсан юм. Тамирчнаас нь допинг илэрчихээд байхад холбооны хамт олон, ахлах дасгалжуулагчид тайлбар хэлэхгүй зугтаагаад байгааг нь гайхаад байна. Тамирчин зөвхөн дасгалжуулагчийн заавраар хоол хүнс идэж уудаг. Эндээс үзэхэд хүнсэнд нь допинг хийсэн байх магадлалтай.

-П.Орхоныг допинг хэрэглээд шинжилгээний үеэр тусгай бэлдмэл хэрэглэж үйлчилгээг нь гадагшлуулдаг байсан гэх яриа олны дунд тараад байна?

-Дэлхийн шинжлэх ухаан ийм эм бэлдмэлийг одоогоор гаргасан гэж би сонсоогүй. Тийм боломж байхгүй.

-Допингийн шинжилгээний хариу тэдний өдөр тийм бодис хэрэглэсэн гэж нарийвчлалтай гардаг гэсэн. Орхоны хариу яаж гарсан бэ?

-Цаг хугацааны тухайд тийм нарийвчлалтай гардаггүй. Шинжилгээний хариунаас станозолол гэх бодис л илэрсэн.

-Чөлөөт бөхийн холбооны хагарал юунаас үүдэлтэй юм бэ. Нэгнээ бүр ингэж хорлох дээрээ тулчихсан юм уу?

-Би 1970 онд төрсөн. Намайг төрж байхад л Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав гээд улсууд л хуваагдаад хэрэлдэж байсан юм билээ. Ялангуяа Ч.Дамдиншарав багш намайг төрж байхад хэрэлдэж л байсан, тамирчин байхад хүмүүсийг хоёр хуваагаад мөн хэрэлдэж л байсан. Дасгалжуулагч болоход ч холион бантан хутгаад хэрэлдээд л явж байна. Би Хөххотод очоод дасгалжуулагчаар ажиллахад араас очоод удирдлагуудад “Та нар миний дайсныг ажиллууллаа. Халахгүй бол Монголын чөлөөт бөхийн холбоо та нартай хамтарч ажиллахгүй буцаа” гээд л хоёр хуваагаад явж байна. Цаашлаад гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран гээд шавь нарыг минь хорлох вий гэж айж байна. Нөхцөл байдал ийм дээрээ л тулаад байна.

-Урагшаа гарч ажиллах болсон шалтгаан нь юу байв. “Алдар” дээрээ шавь нараа бэлдээд явж болоогүй юм уу?

-Шавь нараа бодсон л доо. Миний бэлдсэн шавь нарыг өс хонзон санаад хорлоод байна шүү дээ. Амжилтыг дарж, тэмцээн уралдаанд явуулахгүй байна. Ч.Дамдиншарав, Буяндэлгэрийн Болд нараар удирдуулсан холбооны нарийн бичиг Б.Батбаяр Батлан хамгаалах яам руу “Дасгалжуулагч Ц.Цогтбаярыг хал” гэсэн албан бичгийг удаа дараа явуулснаар би ажиллах боломжгүй болсон л доо. Одоо Хөххотын дунд сургуульд очиж багшилж байна.

Б.САЙНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *