Categories
мэдээ нийгэм спорт

Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ

Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байна. Гурван өдөр үргэлжилж буй уг тэмцээнд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, эхнээсээ амжилт үзүүлээд байна.

Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг мөнгөн медаль, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 65 кг-д ОУХМ Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдсан байна. Эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өчигдөр дахин зургаан бөх финалд шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *