Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Та өвлийн өвгөн хэмээх энэ сайхан нэр хүндтэй албыг аваад хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?
-2004 оноос эхэлсэн гэхээр 13 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна шүү дээ. Нэг үе өнгөрчихөж шүү. Цаг хугацаа хурдан байна даа, тийм ээ.
-Өвлийн өвгөн болсноос хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ. Ялангуяа сэтгэлзүйн талаас…?
-Өвлийн өвгөний тухай ярихаар Г.Гомбосүрэн гуайн тухай ярихаас өөр аргагүй. Тэр аугаа жүжигчин Монголын ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг амьд гэдгийг мэдрүүлж үлдээсэн. Тийм болохоор тэр сайхан хүний тухай ярихгүй өнгөрч боломгүй. Энэ хүнээс өвлийн өвгөн гэдэг сайхан дүр төрхийг өвлөж аваад цааш нь үргэлжлүүлээд явна гэдэг мэдээж надад маш их үүрэг хариуцлага өгсөн. Өвлийн өвгөн болсноос хойш надад маш их өөрчлөлт гарч ирсэн. Би Г.Гомбосүрэн гуайгаас маш олон зүйлийг нь өөртөө хадгалж авсан. Хамгийн нэгдүгээрт, тэр хүний гадаад төрх байдал. Биеэ яаж авч явж байна, олон хүний өмнө яаж үгээ хэлж, ярьж байна вэ. Энэ бүгдийг нь би хараад, уламжлаад яг тэр байдлаар нь авч явах юмсан гэсэн тэр бодол, мэдээж би Б.Жаргалсайхан гэх хувь жүжигчин ч гэлээ хичнээн яаж ч жүжиглээд Г.Гомбосүрэн гуайг дуурайгаад түүнийг дуурайж чадахгүй. Гэхдээ тэр хүний алхаа гишгээ биеэ авч яваа байдал зэргийг нь аль болох өөртөө шингээж авч явахыг хичээж явдаг. Тэгэхээр би өвлийн өвгөн гэдэг энэ дүрд шинэ жилээр хувирч байна. Ингэснээрээ жил жилийн арванхоёрдугаар сар миний хувьд онцгой сар байдаг. Цаанаас л бүх юм сайн сайхан эрчимтэй болчихдог. Очсон газар болгондоо, байгууллагууд, хүүхдүүд дээр очихдоо хэлж байгаа үгс минь дандаа сайн сайхныг бэлгэддэг. Үүнийг хүлээж авч байгаа, сүлд модны баяраа тэмдэглэж байгаа хүмүүсийн харц, хүлээж авч байгаа байдал нь чин үнэнээсээ байдаг байхгүй юу. Тэр нь аугаа гоё байдаг.
-Тийм шүү. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл өвлийн өвгөн хараад баярладаг?
-Сая хэд хэдэн газраар орж шинэ жилд нь уригдаж явахад ахмадуудаа урьсан байна лээ. Дал, ная гарчихсан буурал толгойтой хөгшчүүлдээ өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлж байна. Ямар гоё юм. Өнөөдүүл чинь өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаадаа хачин их баяртай байна аа. “Өвөөдөө үнсүүлнэ ээ” гээд л зүтгэнэ. “За миний хүү өвөөгийнхөө насыг аваарай” гэхээр “Баярлалаа, гялайлаа” гээд баярлахын дээдээр баярлаж байгаа юм. Тэгэхээр Монголын ард түмэнд шинэ жилийн өвлийн өвгөний дүр төрх зүрх сэтгэлд нь үнэхээр үлдчихсэн юм байна гэдгийг бүрэн ойлгодог юм.
-Г.Гомбосүрэн гуайн өмсч байсан өвлийн өвгөний өмсгөлийг анзаарахад цан хүүрэг татуулаад айсуй мэт сэтгэгдэл төрүүлэхээр нэг тийм цагаан өнгө голчилдог байсан шүү. Дээл нь цэнхэр байсан даа?
-Г.Гомбосүрэн гуайн өвлийн өвгөнд тоглож байсан он жилүүдийнх нь зургуудыг харжээ байхад эхлээд цэнхэр дээлтэй байснаа дараа нь цагаан дээлтэй болсон байна лээ. Цагаан дээл, цэнхэр нөмрөг, улаан залаатай малгайтай байх нь ер нь зөв юм байна гэж боддог юм л даа. Монголчууд бид чинь цагаан өнгийг их сайхан бэлгэдэж ерөөдөг. Дараагийн он жил нь цоо шинэ, цав цагаахан, дээр нь юу ч бичээгүй түүхийн нэгэн шинэ он байдаг. Цэнхэр нөмрөг нь номин хөх тэнгэрээ бэлгэдэж, монгол гутал, улаан залаатай малгайгаа өмсөөд “Улаан залаат монголчууд” гэж ерөөгөөд явдаг шүү дээ. Тэр утгаараа энэ хувцас цаанаасаа их учир жанцантай.
Бурхны Цагаан өвгөн гэж байдаг, том эрхтэй. Тэр миний сэтгэлд их дотно бууж ирдэг байхгүй юу. Тэрнээс бараг сэдэвлэж гарсан болов уу ч гэж боддог. Буриадууд 2008 оноос Цагаан сараа маш өргөнөөр тэмдэглэж эхэлсэн. Манайд өвлийн өвгөн шинэ жилээр гарч ирдэг бол буриадад цагаан сараар гардаг байхгүй юу. Буриадууд цагаан сараар өвлийн өвгөн гардаг тухай ярихдаа яг миний энэ бодож байсныг ярьсан юм. Гэхдээ биднээс арай өөр нь өвлийн өвгөн нь Цагаан өвгөний эрхийг нь зүүдэг. Буриадууд намайг нэг удаа цагаан сараараа урилаа. Орон орны өвлийн өвгөнийг урьсан л даа, тэгэхэд. Оросын Дед Мороз, Солонгосын өвлийн өвгөн, Санта Клаус гээд өвлийн өвгөд ирсэн. Би зургаа дахь билүү, долоо дахь орных нь өвлийн өвгөн болж уригдаж очсон юм. Тэр үед би буриадын өвлийн өвгөнийх нь тухай асуухад яг миний бодож байсныг хэлсэн л дээ. Цагаан өвгөнөөс гарал үүсэлтэй гэж байсан. Би тэгж цагаан сараар нь очиж бэлгээ тарааж, бүр хөдөө орон нутгуудаар нь явж бэлгээ тараасан юм. “Монголоос ирсэн өвлийн өвгөн” гэхээр сүйд болдог юм билээ.
-Өвлийн өвгөнгүй шинэ жил гэхээр уйтгартай ч гэх үү, нэг л юм дутуу мэт санагддаг. Шинэ жилийн баяр дээр өвлийн өвгөн ороод ирэх ч бас гоё шүү. Цасан охид, ойн амьтдаа дагуулаад ороод ирвэл бүр ч сайхан?
-Хүмүүс ярьж л байдаг юм “Өвлийн өвгөн ганцаараа явж байна, нэг цасан охинтой явж байна” гэж. Хэдүүлээ явах нь тэр өвлийн өвгөний дүрд хувилж байгаа тэр хүмүүсийн л бодол. Миний хувьд олон цасан охидоо дагуулаад, ойн амьтдаа дагуулаад явах үнэхээр их дуртай. Би чинь ер нь байнга л олон цасан охин дагуулж явдаг шүү. Цасан охид тойрон бүжих их гоё.
-Шинэ жил дөхөж албан байгууллагууд гаднаа гацуураа чимээд хэрэндээ л баярын уур амьсгал орж байгаа ч Хүүхдийн ордон шиг ийм гоё чимэглэлтэй газар алга байна шүү. Хүүхдийн инээд хөөр цалгиж бялхаж, шинэ жилийн баярыг чин сэтгэлээсээ тэсэн ядан хүлээсэн л хүмүүс байна даа, энд?
-Энэ дунд чинь хүрч ирээд бэлтгэл сургуулилтаа хийгээд явчихаар хүүхдүүдтэй яг адилхан болчихож байгаа юм. Дунд нь ороод л тоглож бүжиглээд л ямар гоё гээч. Энд чинь ямар ч элдэв бодол санаа байхгүй, гэнэн цайлганаараа байгаа хүүхдүүд байдаг. Гэрэл гэгээ цацарсан сайхан газар. Шинэ жилийн үеэр энд чинь хүүхдүүдийн авьяас нь буцалж, авьяасаа үзүүлэх гэж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Ер нь аливаа юмны, жүжиг ч бай, кино ч бай, тайзны уран бүтээл ч бай хамгийн сайхан юм нь юу вэ гэхээр ард талд зовж шаналаад л. Уран бүтээлээ хийх гээд л. Ажлаасаа болж хоорондоо маргалдана, зөвшилцөнө, инээлдэнэ, ханиалдана. Тэр болгон л хамгийн гоё мөч нь байдаг. Тэгээд жүжиг бэлэн болоод үзэгчдээс халуун алга ташилт авна гэдэг бүр гайхамшиг. Гэхдээ л тэрийг үзэгчдэд хүргэхийн тулд бид яаж бэлтгэл, сургуулилт хийж байна. Тэр нь хамгийн гоё дурсамжтай зүйл нь болж байдаг шүү.
Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА
-Та өнөө жил хэзээнээс шинэ жилийн арга хэмжээнд уригдаж эхлэв?
-Энэ сарын 4-нөөс албан газруудын шинэ жилд уригдаж явж байна. Албан газруудыг харж байхад шинэ жилийн баяраа их сайхан хийдэг болжээ. Шинэ жил болгон л сайхан байдаг. Гэхдээ бүр л сайхан болоод байна. Ялангуяа манай монголчууд чинь бэлгэдэл боддог ард түмэн. Улиран одож байгаа он жилээ сайхнаар үдэж ирээдүйг сайхан байхыг бэлгэдэж сүлд модны баяраа баяр хөөртэйгээр сайхан хийдэг. Ажиглаж байхад өвлийн өвгөн заавал байх хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс их хэлдэг юм. Гол нь өвлийн өвгөнөөс ерөөлийн сайхан үг сонсч, өвлийн өвгөнөөс бэлэг авна гэдэг үнэхээрийн сайхан. Үгүй ээ мөн их гоё юм аа. Бэлэг авчихаад инээгээд л баярлаад харна. Таньдаг хүмүүс ч надаас бэлэг авч л байдаг. Тэр үед бэлэг авч байгаа хүн маань ч, бэлэг өгч байгаа өвлийн өвгөн нь ч биенээ таньдаг гэж харьцахгүй байгаа юм.
Хэдийгээр өвлийн өвгөн гэдэг нь хийсвэр сэтгэлгээ ч монголчуудын хувьд өвлийн өвгөн амьд байдаг гэдэг сайхан зүйл сэтгэл зүрхэнд нь хоногшоод үлдчихсэн. Тэгэхээр л эргээд Г.Гомбосүрэн гуайгаа ярихаас өөр аргагүй болдог юм. Манай ард түмний зүрх сэтгэлд өвлийн өвгөнийг тэгж үлдээж чадсан, энэ дүрийг тийм сайхан бүтээсэн аугаа хүн байж. Тэгэхээр энэ хүний үлдээсэн эл дүрийг ямар ч байсан их сайнаар үргэлжлүүлээд авч явах нь л хамгийн гол зүйл.
-Та айлд урилгаар очно биз дээ?
-Хааяа очно.
-Таныг жинхэнэ өвлийн өвгөн гэж итгээд, танд хандаж байсан тохиолдлууд бий л байх?
-Манайхны ах дүү нарын хүүхдүүд өвлийн өвгөнд хандсан хүсэл, мөрөөдлөө бичнэ. Ийм тийм бэлэг авна гэдгээ бичнэ. Жаахан хүүхдүүд нь намайг танихгүй. Энгийн үед “Жагаа ах аа, Жагаа ах аа” л гэнэ. Өвлийн өвгөний хувцсаа өмсөнгүүт “Өвөө, өвөө” гэнэ. “За хүүхдүүд минь та нар хүслээ бичсэн үү” гэхээр “Үлдээсэн” гэнэ. Тэгээд бэлгүүдийг нь өгнө дөө. Ингээд явахаар болж захиасаа хэлнэ. “Ирэх жил аав, ээждээ тустай байгаарай. Үгэнд нь орж байгаарай. Хичээл номондоо сайн сураарай. Ирэх жил сайхан бэлэг авчирч өгнө” гэхээр “Тэгнэ ээ, би ирэх жил их сайн байна. Би ирэх жил тийм тийм юм хийнэ. Тэгж хүсч мөрөөдөж байна. Та гоё бэлэг авчраарай” гэцгээнэ.
Хүүхдүүд их үнэмшилтэйгээр хандана. 2005 билүү, 2006 онд билүү Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан юм. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхэд гайхаад л, хараад л. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд ч байх шиг үнэхээр гоё байсан. Олон хүүхэд бэлэг авна. Бүгдэд нь бэлэг өгөх дуртай. Энд чинь жинхэнэ бужигнана шүү дээ. Хачин гоё.
Арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл ажил төрлөөр янз янзын л хүнтэй утсаар холбоо барина. “Байна уу, хэн бэ” гэхээр “Хасар Жагаа мөн үү” гэнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын нэгэн болонгуут “Өвгөн Жагаа мөн үү” гээд л эхэлнэ (Инээв). Тэгэхээр нь “Тийм ээ, тийм. Мөөн мөн. Цас мөсний орноос өвлийн өвгөн аав нь ярьж байна” (Өвлийн өвгөний баргил хоолойгоор ийн ярив.сурв) гээд өөрийн эрхгүй ингэж дуу хоолойгоо өөрчилж яримаар санагдана. Өөрийгөө уядаг морь гэдэг шиг (Инээв). Арванхоёрдугаар сарын 1-н болонгуут өвлийн өвгөний хувцсаа гаргаж ирээд арчилгаа, цэвэрлээ хийнэ. Цагаан сараар бид чинь хамаг юмаа гаргаад саваадаад гөвдөг шиг.
-Таны гэргий Г.Урнаа эгч их тусална биз?
-Уугий (Гэргийгээ хэлэв.сурв) эгч нь яг энэ үед бүгдэд нь оролцоно. Бүх юмаа хамтдаа хийнэ. Гэр бүлээрээ бөөн хөдөлгөөнд орно, арванхоёрдугаар сард.
-Та манай сониноор дамжуулан Монголын нийт ард түмэндээ сайхан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Айлчлан ирж байгаа 2018 ондоо монголчууд маань төрлөөрөө түвшин амгалан байж, гутамшигт муу үйл үл учралдаж, бадралт сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Монголчууд бидэнд хийж чадахгүй зүйл үгүй. Аливаа үйлийг хийж бүтээхийн тулд хүн эрүүл байх ёстой. Тийм учраас монголчууд минь эрүүл байх ёстой. Эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж захья. Ирж буй 2018 он монголчууд бидэнд хөгжил дэвшлээр дүүрэн, амжилт бүтээлээр арвин бялхам сайхан он жил байхын ерөөлийг дэвшүүлж байна.