Categories
мэдээ цаг-үе

Гавьяат эдийн засагч Х.Хурметханыд Наурыз баярын өмнөхөн өнжсөн нь

Монгол Улсын гавьяат эдийн засагч Х.Хурметханыд бид Наурыз баярын өмнөхөн өнжсөн юм. Цагаан сараар улсынхаа Ерөнхийлөгчөөс энэ нэр хүндтэй цолыг гардан авсандаа Х.Хурметхан гуай ихэд баяртай байв. Цуг ажиллаж байсан татварын хамт олон өөрөөс нь илүүтэй баярласанд ихэд догдолж байгаагаа ч ярив. Биднийг ороход ширээн дээр “Өдрийн сонин”-ы шинэхэн дугаарыг дэлгэсэн байснаа заагаад “Танайхаас өөр сонин захиалдаггүй” гэв. Х.Хурметхан гуайг хүмүүс Сангийн яамны Хурметхан, зарим нь татварын Хурметхан ч гэдэг. Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул тэрээр улс орон нь зах зээлийн эдийн засагт шилжиж байх 1990-ээд оны үед татварын салбарт томоохон өөрчлөлт хийлцсэн хүмүүсийн нэг нь яахын аргагүй мөн.

Сангийн яаманд 17 жил, Татварын Ерөнхий газарт 17 жил, нийтдээ 34 жил ажиллахдаа найман сайдын нүүр үзжээ. Э.Бямбабажав, Д.Моломжамц, Д.Даваасамбуу, А.Базархүү бидний хэлдгээр Баабар буюу Б.Батбаяр, П.Цагаан, Ч.Улаан гээд бүгдийнх нь нэрийг дурдаад “Би үе үеийн сайдууддаа бүгдэд нь талархаж явдаг” гэв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед төсвийн орлоготой холбогдсон асуудлыг бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болсон тул Сангийн яамны мэргэжилтнүүд сурах, хийх хоёрыг хослуулж байжээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй үе. Тэр үед татварын бодлогын талаар ойлголт мэдлэгтэй хүн бараг байгаагүй.

Тиймээс мэргэжлийн хүмүүс нь шинийг сурах хэрэгтэй болсон. Сангийн яамнаас салж Улсын татварын ерөнхий газар гэсэн шинэ нэртэй агентлаг байгуулагдахад түүний анхны дарга Пүрэвдорж Татварын бодлого аргачлалын хэлтэс байгуулж даргаар нь ажиллахыг түүнд санал болгожээ. Х.Хурметхан “Би чадах болов уу” хэмээн эргэлзэхэд Л.Пүрэвдорж “Чи чадна аа, чадах ч ёстой” гэж урам өгсөн гэнэ. Сангийн яам, УТЕГ түүнийг Венийн нэгдсэн институтэд макро, микро эдийн засгийн чиглэлээр удаан хугацааны сургалтад хамруулж мөн гадаад орон, олон улсын байгууллагаас зохион байгуулсан татвартай холбоотой сургалт семинарт байнга оролцуулж байсны ачаар ихийг сурснаа ярив.

Татварын бодлогын аргачлалын хэлтсийн даргаар ажиллаж байхад хэлтэс нь албан татварын олон шинэ хууль боловсруулсан аж. Өнөөдөр Монголд 20 гаруй татварын хууль мөрдөгдөж байгаагийн 90 хувийг нь түүний удирдан ажиллаж байсан хэлтэс анх боловсруулан өргөн барьсан байна. 1980-аад оны эхээр манай улсын төсвийн орлого, зарлага ердөө дөрвөн тэрбум төгрөгт эргэлддэг байсан бол одоо хэдэн их наядаар яригддаг болжээ. 1990-1992 оны хүнд үед эрчимтэй ажиллаж төсвийн орлогыг бүрдүүлдэг байсан гэнэ. Онцгой албан татварын хувь хэмжээг бараг долоо хоног бүр өөрчилж ингэснээр төсвийг бүрдүүлж цалин, тэтгэврийг хугацаанд нь тавих боломж бүрдүүлж ажиллаж. 1990-1996 он бол манай улсын хувьд орчин үеийн татварын шинэ тогтолцоог бий болгосон, хамгийн их үр дүнтэй ажилласан жилүүд хэмээн Х.Хурметхан гуай ярив.

Баян-Өлгий аймгийн Булган сумын жирийн нэгэн казах малчны хүү дунд сургуульд онц сурдаг байжээ. Сурлагаараа бусдыгаа тэргүүлдэг байсан тэрбээр Эрхүү хотын Улсын их сургуулийн бэлтгэл ангид суралцаж улмаар Сангийн яамны нэр дээр Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургууль буюу одоогоор Хөдөө аж ахуйн академид 1981 онд үйлдвэрлэлийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр суралцсан байна. Эхний жил хэлний бэлтгэлд суралцаж байхдаа нутаг орноо санаад ихэд хэцүү байснаа дурсан ярив. Шөнө болгон нутгаа зүүдэлж хүний төрсөн газар гэдэг ямар их хүчтэй бөгөөд агуу болохыг мэдэрсэн гэнэ. “Та гэрээ санаснаас тэр биз дээ” гэхэд “Үгүй гэр биш нутгаа санаад байсан юм” хэмээн тайлбарлав. Хэлний бэлтгэл хийсний дараа оюутнууд бүгд л Москва, Ленинград руу явж сурна хэмээн догдлон ярьдаг байсан гэнэ. Харин Х.Хурметхан хүү нутагтаа ойрхон гээд Эрхүү хотод сурахаар шийджээ.

Сургуулиа төгсч ирээд уг нь бол Баян-Өлгийд очиж ажиллах хүсэлтэй байсан ч явуулаагүй. Сангийн яамны Хөдөө аж ахуйн хэлтэс ч байгуулагдсан тул тийш томилжээ. Тэр үед залуухан мэргэжилтнийг ахмад ажилтанд хариуцуулж “халамжлан хүмүүжүүлэгч”-ээр сургадаг байв. З.Бадам хэмээх хүн Х.Хурметханы халамжлан хүмүүжүүлэгч нь болж амьдралд ихэд тус дэм болсон гэдэг. Тухайн үед ажилд орсон эхний нэг сард санхүүтэй холбоотой бүх хууль тогтоол, журам зааврыг уншиж судлуулдаг нэлээд хатуу байсан аж. Д.Моломжамц Сангийн яамны сайдын албыг хашиж байхад Х.Хурметхан гуайн аав Баян-Өлгий аймгаас Улаанбаатарт ирж сайдтай нь уулзаад хүүгээ авч явна гэжээ. Сангийн сайд хариуд нь “Хүү чинь сайн ажиллаж байгаа явуулахгүй” гээд “Та харин хотод нүүгээд ир, бид таны хүүд байр өгье” хэмээн ятгасан байна. Гэвч нутгаасаа, малаа орхиод нүүнэ гэдэг аавд нь төсөөлөгдөөгүй гэдэг. “Манайх олон хүүхэдтэй айл байсан. Аав маань бидэнд гар хүрч үзээгүй, гэхдээ харцаараа “зоддог” байсан” хэмээн Х.Хурметхан гуай дурсав.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд

Тэгвэл өнөөдөр Хапайн хүү Монгол улсын гавьяат эдийн засагч болжээ. Наурызын өмнөхөн гэрт нь өнжсөн тул энэ баярын тухай бидний яриа хөвөрлөө. Х.Хурметхан гуай сүүлийн үед нэлээд юм уншиж судалж байгаагаа ярихдаа Наурыз гэдэг нь перс хэлээр бол Шинэ өдөр гэсэн утгатай үг болохыг олж мэдсэнээ сонирхуулав. Казахууд энэ баяраар ирсэн зочноо байгаа бүхнээ л дэлгэн дайлдаг заншилтай. Харин көже бол заавал байх ёстой. Көже гэдэг нь мах чанаад шөлөн дээр нь гурил эсвэл будаа хийсэн хоол. Казахуудыг бешбармакгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнийг идэхэд ч их учиртай. Эхлээд гараа сайтар угаагаад тусгай цагаан алчуурт арчина. Хамгийн хүндтэй зочин эсвэл ахмад хүн эхлээд гар хүрнэ. Бешбармак нь таван хуруу гэсэн утгатай, тиймээс ч гараараа авч иддэг. Наурыз баярын ширээнд байдаг бас нэгэн амттан бол боорцог мөн женит. Женитийг адууны тос, ээзгий, арвайн гурил эсвэл нунтагласан боорцгийг хольж хийнэ. Казахууд Наурызаар бие биедээ зочлон, айлчилдаг гэхдээ бэлэг сэлт өгдөггүй уламжлалтай аж.

Гавьяат эдийн засагч Х.Хурметхан гуайн эхнэр М.Панзила нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч. Гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хэдий ч туршлагатай эмч тул зөвлөхөөр ажиллах хүсэлт тавьсан аж. Тэд Эрхүү хотод оюутан байхдаа танилцсанаа дурсахад гавьяат жүжигчин, дуучин Д. Жаргалсайханы

Дэрвэлзэнхэн нисээд өнгөрөх

Дэрвэж цалгисан он жилүүд минь

Дэвүүр жигүүр шиг сэтгэлийн уяатай

Эргэн дурсахад нэг л уянгатай

Эрхүүгийн хавар дэндүү сайхан

Энэ л амьдралын минь гэрэл гэгээ

Эрхүүгийн хавар, Эрхүүгийн хавар аа хэмээн дуулдаг “Эрхүүгийн хавар” дуу өөрийн эрхгүй санаанд оров. “Бид хоёр чинь ёстой л нөгөө Эрхүүгийнх шүү дээ” гээд оюутан цагаа дурсав. М.Панзила Ростов-на-Дону хотод нэг жил хэлний бэлтгэл хийгээд нутагтаа ойрхон хэмээн Эрхүүг сонгосон байна. Тус хотын Анагаахын их сургуулийн монгол оюутны зөвлөлийн дарга байхдаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга Х.Хурметхантай анх таарсанаа дурсав. Хоёулаа Консулын газар болдог хурал дээр бие биеэ харсан аж. Ингэж л танилцсан түүхтэй.

Х.Хурметхан гуайн хадам, М.Панзилагийн аав нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн гишүүн Х.Мусахан. Тэрээр Баян-Өлгийн аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Тээврийн яамны газрын дарга, Шарын голын уурхайн анхны даргаар ажилласан. 24 настайдаа аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар томилогдож байсан бөгөөд 32-хон настайдаа Сүхбаатарын одонгоор энгэрээ мялааж байсан. Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарыг буруутгаж байх үед Х.Мусахан гуайг намын хурал дээр тэднийг шүүмжилсэн үг хэл гэхэд татгалзсан гэнэ. Нэлээд хариуцлагатай алба хашиж байсан тэрээр найман хүүхэдтэй. Ихэр М.Панзила, М.Озила хоёр нь хоёр дахь нь. Нэрт хөгжмийн зохиолч С.Мааяа ихрүүдийг гадаа тоглож байгааг нь харчихаад Х.Мусаханд “Охидыг чинь харсан. Хөгжим бүжгийн сургуульд шалгуулаарай, урлагийн авьяастай байх” хэмээн захисан гэдэг. Х.Мусахан гуай ч С.Мааяа гуайн хэлснээр охидоо аваачиж шалгуулжээ. Ингээд хоёулаа хөгжимчин мэргэжил эзэмшжээ. Ятгачин М.Панзила сургуулиа төгсөөд нэг жил Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад эмч мэргэжлээр суралцахаар шийдээд шалгалт өгсөн гэдэг. Харин нөгөө ихэр нь болох М.Озила төгөлдөр хуурч, докторын зэрэг хамгаалсан, одоо ч мэргэжлээрээ ажилладаг. Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Х.Мусахан гуайн дурсгалыг хүндэтгэж хүүхдүүд нь Баян-Өлгий аймагт хөшөөг нь босгосон тухайгаа ярив.

Х.Хурметханы хадам аав БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн
гишүүн Х.Мусахан

Ийнхүү биднийг ярьж суутал Х.Хурметхан гуайн хүү Х.Ербулан, бэр Г.Бадамхорлоо хоёр нь хүүгийнхээ хамт орж ирэв. Бэр Г.Бадамхорлоо нь Архангай аймгийн уугуул гэнэ. Ихэд даруухан, дөлгөөн хэмээн хадам аав, ээж хоёр нь магтав. Харин ач хүүгээ онцгой эрхлүүлэн үнсэхдээ “Казахууд чоныг шоно гэж ярьдаг. Манай ач хүүд хэн ч зааж өгөөгүй байхад шоно гэж хэлдэг. Хүний ген гэж хүчтэй байгаа биз” хэмээн эмээ нь ярив. Х.Хурметхан гуайнх хүү, охин хоёртой. Хоёулаа аав шигээ санхүүгийн мэргэжилтэй. Охин, хүргэн хоёр нь ажил ихтэй тул энэ өдөр ирж амжаагүй.

Нэлээд олон жилийн өмнө казахууд Казахстан руу нүүж байсан үеийг бид дурсан ярив. Тэгэхэд Казахстанаас өдөрт хэдэн онгоц ирж нүүлгэж байсан гэнэ. “Танайх нүүх талаар бодож байсан уу” хэмээн сонирхоход “Яагаад ч юм тэр талаар огт бодоогүй” гэв. Ер нь эднийхний ах дүү нараас нь нэг ч хүн яваагүй. Харин аавынх нь эгч нь Казахстанд амьдардаг гэнэ. Төрсөн нутаг, дээр нь дассан газар энд шүү дээ хэмээн ярив. Бидний яриа ч өөрийн эрхгүй казахуудын түүх рүү шилжив. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсан. Ер нь ойролцоогоор 180 жилийн өмнөөс Монголын баруун нутагт казахууд амьдрах болсон түүхтэй аж.

М.Хурметхан гуай энэ салбарт ажиллах хугацаандаа бүх аймгуудаар явж татварын байцаагчдад зориулсан сургалт, семинар зэргийг зохион байгуулахад биечлэн оролцсон. Ийм арга хэмжээнд зориулсан гарын авлага, тест зэргийг боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан мэргэжилтэн. Шинээр гарсан татварын хуулиудыг сурталчлах ажлыг ч маш их хийдэг байсан тухай дурсав. Татварын салбарыг бараг шинээр шахуу бий болгоход тун ч амаргүй байсан гэхдээ бид ард нь гарч чадсан гээд “Бид чинь татварын орлогоо давж биелүүлдэг байсан. Нэг төгрөг болгоны төлөө тэмцэнэ шүү дээ” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орны санхүү, эдийн засгийн байдлын талаар байнга мэдээлдэг. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байгааг нь сонирхоход “Зарцуулалт дээр нэлээд анхаарах ёстой, түүнээс биш улсад мөнгө байгаа” хэмээн мэргэжлийн хүний хувьд ярьж байсан юм.

М.Хурметхан гуайг Монгол Улсын гавьяат эдийн засагч болоход хамт олон нь өөрсдөө шагнал авсан мэт баярлаж байгааг хараад олон жил хамтдаа ажилласны сайхныг тэгэхэд мэдэрсэн байна. Надтай цуг ажиллаж байсан Пүрэвээ, Ганхүлэг, Базарзагд зэрэг хүмүүсийг маань сонин дээрээ заавал дурдаж өгөөрэй хэмээн Х.Хурметхан гуай захисан билээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *