Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгатай ярилцлаа. Тэрбээр Сар шинийн босгон дээр гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Түүний удирдсан шигшээ баг олон улсын тэмцээнүүдээс найман алтан медаль, есөн мөнгөн медаль, 11 хүрэл медаль аваад байна.
-Гавьяат дасгалжуулагч болсон танд баяр хүргэе. Сагсан бөмбөгийн спорттой холбогдоод хэдэн жил болж байна вэ?
-Их баярлалаа. 2004 онд л хэдэн хүүхэд өөр дээрээ аваад бэлтгэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд олон ч шавь бэлтгэж. Тэдний маань ур чадвар өнөөдөр тив дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна. Шавь нарынхаа сайн сайхныг харж бахархахаас илүү аз жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.
-Баярт мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрөв?
-Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад “Сүхбаатарын Тулга мөн үү. Таныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар тодорхойлжээ” гэж хэлсэн. Тухайн мөчид туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхэн нүдний өмнүүр зурсхийгээд л өнгөрсөн.Ингээд баярт мэдээгээ эхлээд ээждээ дуулгасан. Чимээгүйхэн байя гэж санасан ч зарлиг дээр орсон болохоор гавьяат болсон тухай мэдээ цахимаар шуураад эхэлсэн. Аав минь амьд сэрүүн байсан бол их баярлах байжээ гэх бодол төрж байлаа.
-Ерөнхийлөгч танд юу хэлэв?
-“Залуу дээрээ гавьяат боллоо. Урьдчилгаа болгож өглөө шүү. Үлдсэнийг нь олимпод очиж гүйцээгээрэй” гэж хэлсэн. Залуу хүний тухайд хийж бүтээх үйлсэд минь ташуур болж өглөө. Ямар их итгэл найдвар тавьж байгааг илүү ухамсарлалаа. 3х3-ын сагсан бөмбөгийн гэр бүлийн хийж бүтээснийг төр үнэллээ. Илүү ихийг хийж бүтээхийн төлөө зүтгэнэ ээ.
-Өнгөрсөн онд 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадамд оролцох эрх авсан нь Монголын спортын онцлох үйл явдал байлаа. Та эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэрхэн бэлтгэв?
-Багийн спортоор олимпийн эрх авлаа гэхэд хүмүүс итгэж өгөхгүй байсан шүү. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй 206 улс бий. Үүний шилдэг найм нь л олимпод өрсөлдөнө. Монгол охид маань шилдэг наймд багтаж олимпийн их наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Миний тухайд монгол тамирчдын онцлогт таарсан хувилбар зурж шигшээ багаа бэлддэг юм. Хажуугаар нь спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг. Энэ маань үр дүнгээ өгч олимпийн наадмын эрх авлаа. Одоо олимпийн наадамдаа амжилт гаргахын тулд бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид заал хаалттай гэж шалтаглаад зүгээр сууж олон хүний итгэлийг эвдэж болохгүй. Цаг үедээ дасан зохицоод л бэлтгэлээ базааж байна. Сая халдвар хамгааллын дэглэм баримтлаад Өмнөговь аймагт “Энержи ресурс”-ын кемп дээр очиж 20 орчим хоног бэлтгэл хийгээд ирсэн. Одоогоор бол гэрийн нөхцөлд л тус тусын бэлтгэлээ базааж байна. Охид маань таван давхар байшингийн шатаар өдөрт 15 удаа гүйж гарч байна. Олимпийн дэвжээнд монгол түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд цаг мөч бүрийг л бэлтгэл хийж өнгөрүүлж байгаа. Хичээл зүтгэлийн үр дүн олимпийн дэвжээнд гарна байх гэж найдаж байна даа.
-Эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах боломж байна уу?
-Эрэгтэй шигшээ баг маань олимпийн эрхээ авсан ч тэмцээнийг зохион байгуулагч Японы багийг шууд оролцуулах шийдвэр гаргасан. Ингэхлээр манай байр нэгээр ухарч байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд амжилт үзүүлж эрх авах болсон. Эрх авах боломж дүүрэн байгаа. Нэг зүйлийг ам бардам хэлэхэд эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах юм бол медалийн тавцанд зогсоно. Дэлхийн Гранприд түрүүлсэн ганц ази баг нь манайх шүү дээ. Манайхны ур чадварыг дэлхий хүлээн зөвшөөрсөн.
-Таны ажлын арга барил юу вэ?
-Миний хувьд өглөө босоод бэлтгэлдээ гарч, өдөр нь хүмүүстэй уулзах, харилцах зэрэг санхүү, менежмэнттэй холбоотой ажлуудаа амжуулдаг юм. Өглөө гэрээсээ 8:00 цагт гарч шөнө 12:00 цагт харих өдрүүд ч бий. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн арван жилийн турш явж байна. Гэхдээ сүүлийн үед Монголдоо тогтвортой байх нь ховор болчихоод байгаа. Гадагшаа тэмцээнд явах шаардлага байнга гарна. Шигшээ баг нэг жилийн хугацаанд нийт 300 цагийн нислэг хийсэн байна лээ.
Ажиллах арга барилын хувьд бид Монголд төдийгүй олон улсад байхгүй арга барилаар ажилладаг гэж боддог. Цаашид сайжруулах зүйлс олон бий. Монгол сагсчид барууны орнуудыг бодвол нурууны өндрөөс эхлээд санхүү, хангамжаараа дутмаг боловч олон улсын тэмцээнүүдэд чансаагаараа илүү байдгийн шалтгаан нь бид монгол хүний онцлогтой уялдуулсан зөв систем боловсруулж, түүний дагуу бэлтгэл базаадагтай холбоотой байх.
Таны ажлын төлөвлөгөө 3х3 төрөлд төвлөрч байна уу. 5х5-ын сагсан бөмбөгөөр олон улсад өрсөлдөх боломж байна уу?
-Манай баг тамирчид 5х5 төрлөөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль эх орондоо авчирсан. ОХУ-д болсон Универсад наадамд Япон, Филиппинийг хожсон. БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулсан наадамд таван тивийн багийг хожсон амжилттай яваа. Манайхан 5х5 төрлөөр дэлхийд гарч ирэх үндэс, сууриа сайн тавьсан. Одоо зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно.
-Ингэхэд сагсан бөмбөгийн холбоодын маргааны асуудал шийдэгдсэн үү?
-Цэгцэрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жил Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ур чадварын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлсэн. Цаашдаа ч тэмцээнүүдэд оролцоод явна.
-Багийн спортын ач холбогдол юу вэ?
-Багийн спорт улс орны хөгжлийг тодорхойлдог. Манайх багийн спортоор дэлхийн дэвжээнээс медаль авах цаг нь ирчихсэн байна.
-Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр шигшээ багт тоглож байгаа залуусын нас 30 руу дөхөж байна. Залгамж халаа бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-15 жилийн өмнө сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээрээ нийлсэн цөөн залуус нэгдэж байлаа. “TLG 13” багаа байгуулж байх үед манай улсын лиг гарын таван хуруунд багтах багтай, 80-90 хүн л өрсөлддөг байлаа. Харин одоо нэг л лиг гэхэд 40-50 багтай, 900 гаруй тамирчинтай болоод байна. Ийм лиг 10 гаруй байгаа шүү дээ.Монгол Улсын хүн амын 60 хувь нь буюу 1.6 сая хүн сагс тоглодог гэсэн тооцоо бий.Тиймээс бид энэ спортод бүр олон хүүхэд залуусыг дурлуулж, тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж, бэлтгэлийг нь хангаж байна. Шигшээ багт орж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй найман настай хүүхдүүд 2040 онд гэхэд 29 настай болно. Бид тэднийг 2040 оны олимпод 5×5 төрлөөр оролцуулахаар бэлтгэж байгаа. Ямар ч хүн спортоор хичээллэснээр зөв замд ордог. Хөгжил гэдгийг брэндийн хувцас өмсөх, үнэтэй машин унахаар, эсвэл зөвхөн эрдэм ном, боловсролтой болсноор үнэлж болохгүй. Ард иргэд хэр аз жаргалтай байгаа, сэтгэл зүй хэр сайтай гэдгийг бас тооцох хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн ялагдал, бэрхшээлийг давж гарахад бэлэн, сэтгэлийн хаттай болдог. Аз жаргалын индексээр тэргүүлж, хөгжлөөрөө манлайлдаг улс орнуудын иргэд спортдоо анхаарч, тогтмол хичээллэдэг шүү дээ.
Гэхдээ манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байгаа. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийн салбарыг тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна. Улс орны ирээдүй болсон олон тамирчин залуусаа харлуулахын оронд тэднийг урмаар тэтгэж, дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг.