Categories
мэдээ цаг-үе

Гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандахын охин Г.Тунгалаг: Аав минь хүүхэд шиг дэврүүн цайлган хүн байлаа

Монголын хүүхдийн дууны нэрт мастер, Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Лувсанцэрэнгийн Галмандахын охин Г.Тунгалагтай ярилцлаа. Л.Галмандах багш нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд 30 гаруй жил багшилсан бөгөөд гавьяат жүжигчин Т.Ариунаагаас аваад олон авьяаслаг шавьтай билээ. Түүний “Зуун зууны ерөөл”, “Үерхэл чамайгаа нандигнана”, “Торойсоор үлддэг миний ээжий”, “Сурагчийн жилүүд”, “Арван зургаан нас”, “Бага насаа хайрлаж явъя”, “Төгсөх сурагчийн уянга” болон “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Дэлдэн чихэр”, “Үлгэрийн бүжин” гээд зуу зуун дууг хүүхэд багачууд дуулж, түүний сэтгэлээс гарсан гэгээлэг аялгуунд хүүхэд бүр хөглөгдөн өсч хүмүүжсэн байдаг.


-Аавынхаа тухай дурсамжаас хуваалцаач. Таны аав хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Би аавынхаа тухай дурсах маш дуртай. Яагаад гэвэл миний аав Монголын мянга, мянган хүүхдүүдийг дуу хөгжмөөрөө хүмүүжүүлж, төлөвшүүлж ирсэн хүн. Тиймээс үр хүүхдүүдийнхээ болон олон мянган шавь нарынхаа бахархал болсон эрхэм хүн. 1970-1980-аад оны эхээр аавын минь алдартай сайхан бүтээлүүд жинхэнэ туурвигдаж байлаа. Тухайн үеийн хүүхдүүд ерөөсөө л Галмандахын хөгжмөөр өсөж, хүмүүжсэн байдаг. Хүмүүс аавыг хүүхэд шиг гэж тодорхойлдог. Үнэхээр тийм. Аав минь жижигхэн юманд баярладаг, жоохон юманд гуниглачихдаг. Дэврүүн сэтгэлтэй цайлган хүн байсан. Инээмсэглэл нь тухайн хүнийг илэрхийлдэг гэж би боддог. Аав хөөрхөн инээдэг байлаа. Яг л хүүхэд шиг мөн чанартай, хүүхдүүддээ их зөөлөн хандана. Биднийг багад аав, би дөрвөн ханатай гэртэй, дөрвөн сайхан хүүхэдтэй, дөрвөн уулынхаа дунд сайхан амьдардаг гэж шүлэглэдэг байлаа. Өөрөө аялгуу зохиохоос гадна, шүлэг бичнэ, шүлэглэж ярина, зарим дууныхаа шүлгийг ч өөрөө бичсэн байдаг. Бид хоёр, хоёр насны зөрүүтэй тэрсхэн болохоор багадаа үймүүлээд, гэрээ буулгах шахна. Ээж “Галаа хүүхдүүддээ юм хэлээч ээ, гэр орноо буулгалаа” гэхээр аав юу ч хэлэхгүй, үймүүлж байгаад нь харин ч дуртай байрын сууж байна. Өөрөө их амгалан хүн болохоор аав хүүхэд юу гэж гэртээ номхон сууж байх юм бэ, яадаг юм сахилгагүйтэж байг, ингэж байж өсөж хөгжинө гэх философитой байлаа. Тэгэхээр ээж би л загнаж, зэмлээд л муу хүн болдог гэнэ. Аав их юм ярихгүй, ярихаараа цөөхөн хэрнээ даацтай хэдэн үг хэлнэ, тийм л эр хүн.

-Харин таны ээжийн тухайд?

-Би айлын эхнэр хүүхдийн ээж болсныхоо дараа өөрийнхөө ээжийг их тэвчээртэй байжээ гэж боддог болсон. Ээж маань их сайхан эмэгтэй, тухайн үед аавтай мөр зэрэгцээд уран бүтээл хийж байсан яруу найрагчид хөгжмийн зохиолчид ээжийн тухай их сайхан дурсамж хэлдэг. Өндөр нуруутай, цайвар царайтай, цагаан шүдтэй их сайхан эмэгтэй гэж ярьдаг байлаа. Мөн ээжийг минь сайхан эмэгтэй гэж илтгэх гол чанар нь амгалан байдал нь. Ээж маань их амгалан тайван хүн. Аав урлагийн хүн учраас барагтай гэрийн бараа харахгүй, аав минь 53-хан наслахдаа ерөөсөө л хүүхдийн төлөө бүх амьдралаа зориулсан хүн. Ар гэрийн амьдралаа ээж авч явдаг байлаа. Ээж худалдааны байгууллагад олон жил ажилласан, нягтлан, худалдагч зэрэг ажил эрхэлж байсан. Аавын баттай ар тал байсан юм. Ээж минь тийм сайхан хань, сайн ар тал нь байсан учраас ааваас минь олон сайхан аялгуу төржээ гэж ээжээрээ маш их бахархдаг. Олон хүнтэй харилцаж ажилладаг учраас ааваар минь ажлаа бүтээлгэчихээд л зарим хүмүүс архи хармаалуулаад явуулчих ч үе байлаа. Гэтэл ард нь дөрвөн хүүхэд, эхнэр нь амьдрах гээд зүтгэж байдаг. Гэхдээ азаар аав ээж минь барагтай хэрүүл хийж, маргаж байгаагүй. Бидний хүмүүжилд сөргөөр нөлөөлж байсангүй.


Л.Галмандахын гэр бүл

-Таны аав хэзээнээс бүтээлээ туурвисан юм бол. Уран бүтээлүүд нь төрсөн түүхүүд бас сонин байх?

-Дуу болгон нь гайхалтай түүхтэй. Өөрөө ч дууны тухай гайхалтай түүхүүдийг бичиж үлдээсэн байдаг. Загдын Түмэнжаргал найрагчийн уран бүтээлийн болон амьдралын хамгийн дотно анд аав байлаа. Түмэнжаргал ахын эхнэр Тунгалаг эгч “Бага насаа хайрлаж яваарай” дууны түүхийг надад ярьж өгсөн. Түмээ ах аав хоёр Багануурт билүү, Налайхад хүүхдийн зусланд ажиллачихаад, хүүхэд нас гэдэг чинь ямар гоё цагаахан цайлган, ямар гоё ертөнц байна аа гэсэн бодол төрөөд, шүлгээ бичиж, энэ тухайгаа шүлэг бичснийгээ аавд утсаар хэлээд, шүлгээ уншиж өгөхөд л аав тэр дор нь аялгууг нь хийчихсэн гэж байгаа юм. Хүүхдийг хүүхэд чигээр нь хайрлая гэсэн мундаг философитой дуу. Найман наснаас ухаан ургуулж, нандин эрдэнийн түлхүүр атгуулж, ардын багштай учруулж өгсөн ачтан гэвэл сургууль минь байна гээд “Зуун зууны ерөөл” гэж дуу бас бага дүүд зориулсан гоё түүхтэй. Бид эцэг эхээсээ дөрвүүлээ, харамсалтай нь хамгийн том эгч маань 18 настайдаа бурхан болсон. Ээж хамгийн бага хүүхдээ төрүүлж байхад аав эзгүй ажилтай гээд явчихсан, ээж жаахан гомдсон байж. Гэтэл аав хань нь хүүдээ зориулж шинэ уран бүтээл хийлээ гээд “Зуун зууны ерөөл өргөе” гэдэг дуутай орж ирсэн гэдэг. Бага дүү Г.Баттулга маань Буриадын Улаан-Үд хотод Дорнод Сибирийн академийг төгсөөд, Байкал чуулгад уран сайхны удирдаачаар ажилладаг Буриадын төрийн соёрхол хүртсэн залуу бий. Яг аавынхаа уран бүтээлийг залгуулж яваа бидний бахархал болсон мундаг дүү маань байгаа юм.

-Хүүхэд шиг дэврүүн цайлган сэтгэлтэй, цалгисан их авьяастай Л.Галмандах гэж хүн бие болоход өссөн нутаг ус, төрүүлсэн эцэг эх, багын хүмүүжил гээд олон зүйл чухал нөлөөтэй байх. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн юм билээ. Удмынх нь тухай ярьж өгөөч?

-Хүний гень гэдэг агуу зүйл. Аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Байц хэмээх газар төрсөн. Хэнтий аймаг бол эзэн Чингис хааны өлгийн нутаг, их сайхан нутаг. Тэр ч утгаараа Өмнөдэлгэр сумаас Монголын маш олон алдартай дуучид уран бүтээлчид мэндэлсэн байдаг. МУГЖ Г.Эрдэнэбат, Чингис хаан хамтлагийн Л.Жаргалсайхан гэх мэт. Мөн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ нутгийнх. Хөгжмийн зохиолч Шарав гуай хүртэл Хэнтий аймгийнх. Аавын маань удам судар их алдартай хүмүүс байлаа. Лувсанцэрэн гэж өвөө маань Хэнтий аймагт байдаг халхын утаа гүмбэн гэж нэрлэгддэг Балданбэрээвэн хийдийн гавж лам байсан. Өвөө Маарамба буюу эмчилгээний арга барилаараа нутаг усандаа ихэд алдаршсан байдаг. Аав эхээс 11-үүлээ, айлын том нь. Хамгийн их эрдэм номын мөр хөөсөн нь. Аав долдугаар ангид байхдаа хөгжимд ихэд дурлаж, хүүхдийн баян хуур гуйж хаяа тоглодог байж, өвөө маань нэг том эр үхрээ зараад, баяан хөгжмийг авч өгсөн гэдэг. Жаахнаасаа бүрээ үлээдэг байсан тул ардын цэргийн 122 дугаар ангид цэргийн үлээвэр хөгжимчнөөр алба хааж, ирээд Улсын багшийн их сургуулийн хөгжмийн багшийн ангид суралцаж төгссөн түүхтэй. Төгсөөд 52 дугаар сургуульдаа ажиллаж эхлээд амьдралынхаа 30 гаруй жилийг яг тэр сургуульдаа өнгөрүүлсэн. Аав маш эмх цэгцтэй, нямбай тул одоо хадгалагдан үлдсэн хэдэн арван хавтас уран бүтээл нь цэгцтэй өрөөстэй байдаг. Дууны үг, ая зохиохоос гадна, маш олон шүүмж, судлал, нэвтрүүлэг нийтлэл туурвидаг байсан. Аавын хамгийн дуртай шагнал нь радио телевизийн тэргүүний ажилтан тэмдэг. Монголын радио телевизэд маш олон нэвтрүүлгийг хөтөлснөөрөө бахархдаг байсан.

-Энэ жил аавын тань 65 насны ой тохиож байгаа юм билээ. Ойн үеэр нь юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Загдын Түмэнжаргал ах, аав хоёр нас чацуу. Төрсөн сараараа чи бацаан ш дээ гээд л бие биенээрээ тоглоно. Бид 2016 онд Галмандах сан гэж байгуулсан юм. Монголын түүхэнд 500 гаруй хүүхдийн дууны ая бичиж үлдээсэн хүн миний ааваас өөр байхгүй байх. Шилмэл 150,160 дуутай ном гаргана. Аавын дуу бүрийнх нь аялгуу маш амттай санагддаг. Олон улсын хүүхдийн баярын өмнөхөн хоёр том цомог, номтой гаргахаар ажиллаж байна. Дүүгээ ирж редакторлаарай гээд дуудаад л байгаа. Би өөрөө бас урлагийн хүний ар тал, миний хань Н.Ашид гэж Морин хуурын чуулгад 20 гаруй жил ажиллаж байгаа сайхан уран бүтээлч хүн бий. Дэлхийн 40-өөд орноор уран бүтээлээ толилуулсан, улс орноо дэлхийд сурталчилж яваа тийм уран бүтээлч байгаа юм. Нөхөртэйгөө найзалж байхдаа ээжийг нь Дорнодын буриад гэж сонсоод, гэртээ ирээд “Аав аа буриад хүмүүс ямар хүмүүс байдаг юм бэ” гэж асуусан, тэгэхэд аав инээвхийлээд л царай төрхийг нь дүрслээд, “Их мундаг авьяастай хүмүүс байдаг юм” гэж байсан. Урлагийн хүнтэй ханилах хэцүү гээд ээж жаахан дургүй, аав бол дуртайвтар инээмсэглээд л чимээгүй л байдаг байлаа. Харин би сэтгүүлч мэргэжилтэй, “Гэр гэртээ тогооч” гэж сэтгүүлийг байгуулаад 16 жил тасралтгүй гаргаж байна. Аавынхаа 65 насны ойд зориулсан төслийнхөө хүрээнд ирэх намар хүүхдийн дуунуудаас нь бүрдсэн тоглолт хийе гэж бодож байгаа. Мөн 100 гаруй нийтийн дуу бий, “Цэцгэнд төөрсөн эрвээхий”, “Дуулахын заяа зүрхэнд”, “Аав л ээж л хоёр минь”, “Насны хань” гээд сайхан дуунуудыг нь бид нар орхигдуулж болохгүй учраас насанд хүрэгчдэд зориулсан тоглолтыг нь тусдаа гаргах бодол бий. Мөн радиод бэлтгэж хийж байсан олон сайхан хүүхдийн дууны нэвтрүүлгүүдийг сэргээнэ. Галмандах багшийн дууны уралдааныг хүүхдүүдийн дунд зарлахаар төлөвлөөд байгаа. Хүүхдийн дууны хөгжил аль түвшинд байна, юу болчихов гэх асуудал бий. Гэхдээ түүнээс гадна Галмандахын олон сайхан аялгууг Монголын хүүхдүүд битгий мартаасай, үеийн үед дуулаасай, дурсч яваг гэж боддог. Яагаад гэхээр асар их хүмүүжил төлөвшил, сэтгэлгээний ач холбогдолтой бүтээлүүд шүү дээ.

-Таны аав хүүхдүүдээ ийм мэргэжилтэй бол гэх мэтээр хэр зөвлөж байв?

-Аав хүүхдүүдээ ерөөсөө хүчлэхгүй. Гэхдээ би банкинд ажилладаг хүн болно гээд шалгалт өгөөд уначихсан юм. Гэтэл аав хөтөлж аваачаад сэтгүүлчийн ангид оруулчихсан. Сэтгүүлч гэдэг бол өдөр болгон өөр, өөр хүнтэй уулзаж ярилцдаг, тал талын мэдлэгтэй, мэргэжилтэй болдог. Сэтгүүлч хүн ямар ч салбарт ажиллах чадвартай болж байдаг, аппаратаа үүрээд өөрөө зургаа авчихна, ямар ч хүнтэй сайхан яриа өрнүүлчихнэ. Утга, уран зохиолын маш олон чадварыг эзэмших болдог, хэлний өндөр түвшний мэдлэгтэй бол бүр давуу тал болно. Тэгэхээр аав минь үүнийг мэдээд их гоё мэргэжил эзэмшүүлж гэж боддог.

Л.Галмандах багш шавь нарын хамт

-Та нэг удаа аавын минь дуунуудаас сурах бичигт оруулаагүй байдаг юм байна гэж ярьсан байна лээ. Уг нь Түмэнжаргалын, Галмандахын дууг давах хүүхдийн дуу сүүлийн үед гараагүй байлтай шүү дээ?

-Хүүхэд, хүүхдийн насны онцлогт тохирсон үг, аялгуу их чухал юм байна. Орчин цагийн зарим дуунууд яг хүүхдийн философи, үйл хөдлөл, онцлогт тохироогүй байдаг. Интернэт хөгжөөд орчин цагт хүүхдүүд англи дуу сонсож өсч байна. Яагаад гоё аялгуутай, хүмүүжлийн ач холбогдолтой монгол дуунуудыг орчин цагийн хүүхдүүдийн онцлогт тохируулаад гаргаж болохгүй гэж. Ганцхан манай аавынхыг оруул гэж байгаа юм биш. Өөр ч хуучны сайхан хүүхдийн дуунууд бий. “Мөнгөн хонхны дуу” гээд хүүхдийн шилдэг дуунуудын 3 боть сайхан ном ч бий. Манай урлаг соёлын судалгааны тал орхигдсон юм шиг санагддаг. Дуу хөгжмөөр хүмүүжүүлэх урлагийн боловсрол юу болж байгаа юм бол. Бага ангийн сурах бичигт аавын дуу байдаггүй юм байна лээ. Гайхсан шүү.

-Хүүхдийн баяр танай гэр бүлийн хувьд чухал баяр биз?

-Аав маань есдүгээр сарын 1-н, зургадугаар сарын 1-нд гэртээ байхгүй, үргэлж тоглолттой байна. Нийтдээ 10 ширхэг жижгэвтэр ном гаргасан байдаг. Номууддаа бидний нэрийг оруулж, бүтээл хийж баярлуулдаг байсан. Аав биднийг зодох байтугай загнахгүй, муухай харахгүй, аавын хувьд муу хүн гэж байхгүй. Шавь нар нь толгой дээр нь суух нь уу гэлтэй, үймүүлж байхад юу ч хэлэхгүй “За тоглоё, дуулъя” гээд л хөгжимдөөд эхэлнэ. Хүнийг муулах занд их дургүй. Хэнийг ч битгий муулж бай гэдэг. Аливаа зүйлийн гэрэл гэгээтэй, хамгийн сайхан талыг нь л хардаг гэгээлэг хүн байлаа.

-Олон найзтай биз?

-Яруу найрагчид, хамт ажиллагсадтайгаа найз. Цэвэрлэгчтэйгээ, жижүүртэйгээ, бүх хүнтэй найз.

-Таны ээж хаанахын хүн бэ?

-Ээж баруун хязгаар ховд аймгийн Дарви сумын гаралттай Д.Рэгзэдмаа гэж хүн. Харин аав маань Зүүн хязгаарынх. Аав “Та нар бол Монголын баруун, зүүн хязгаараас төрсөн жинхэнэ оргиналь цусны хүүхдүүд шүү” гэдэг байсан. Ээжид зориулж “Гангар цагаан сутай” гээд ээжийн нутгийн тухай дуу хийсэн. Аавын минь том бахархал бол 1980-аад оны эхээр бага ангийн хүүхдүүдийнхээ дунд би би гэж чуулга, дунд ангийнхны дунд Оддын ирээдүй, ахлах ангийнхны дунд Нарны дуулал хамтлагтай байсан. Энэ хамтлагуудаар дамжин олон сайхан уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Үеийн үед хамтлагт нь дуулж хөгжимдөж, ааваар минь урлагийн хичээл заалгаж байсан олон шавь бий. Шавь нар нь сангийн маань үйл ажиллагаанд оролцоод, өөр өөрийнхөө чадах зүйлээрээ тусалж дэмжвэл бид баяртай байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *