УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага авах хүсэлтэй байгааг З.Баянсэлэнгэ гишүүн уламжлав. Учир нь Гацууртын ордод төрийн эзэмших хувь 34 байна гэснийг дахин ярилцаж, шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэв. Мөн тус бүлэг “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас мэдээлэл авах гэж олон удаа дуудсан ч ирээгүй учир энэ асуудлаар завсарлага авахыг хүсэв. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд эвслийн бүлгийн саналыг үндэслэн тав хоногийн завсарлага өглөө.