Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гацууртын орд 432.3 тэрбум төгрөгийн ашиг өгнө гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм. Батлагдсан нөөцөөр 50 тонн алттай. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээр хийснээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь 34 хүртэл байхаар. Ингэхдээ 34 хувийг тусгай рояльтигаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр орлуулах тохиролцоонд хүрсэн аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой, Тавантолгой төсөл зогсоогүй явж байгаа. Гол нь энэ төслүүдийн үр өгөөж харагдахгүй байна. Гацууртын орд мөн тийм болоод байна. “Нинжа” дайрлаа л гэх. Гацуурт төсөл хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр өгөөж өгөх юм бэ. Үр өгөөжөө хэзээнээс эхэлж өгөх вэ” хэмээн асуухад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай нөөц ашигласны төлбөрөөр солихоор анх удаа оруулж ирж байна. Үр ашиг хэзээ гарах вэ гэж та асуулаа. Үр ашгийг аль болох хурдан гаргахын тулд ийм хэлбэрээр оруулж ирсэн. Уул уурхайн ажил эхлэнгүүт олборлолт явангуут ашиг нь гарна. Хүндрэлийг даван туулах нь чухал байгаа. Гадаадад бонд гаргахад Гацууртын орд чинь хөдлөх үү, яах вэ гэхчлэн асуудаг. Хөрөнгө оруулагч тал УИХ энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол гарна гэдэг. Энэ нь олон улсад буруу дохио болж очино. Монгол Улсын эрх ашиг байгаа учраас төслийг хэрэгжүүлэх ёстой. Бид нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонссон. Орон нутаг дэмжиж байгаа. “Нинжа” нарыг зохицуулахын тулд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг зарцуулсан байна. Цагдаа байнга мөнгө шаардаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдэл гарснаас гурван хүний амь үрэгдлээ. Хариуцлага хүлээх шийдвэр гаргахгүй бол болохгүй. “Хан ресурс”-ын зөвшөөөрлийг цуцалснаас Монгол Улс Арбитрын шүүхэд дуудагдаж, 107 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон. Гэтэл шийдэж чадахгүй явж байна. Энэн дээр Гацуурт нэмэгдвэл ямар үр дагавар дагуулах вэ, эдийн засагт улам хүндрэл учруулна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нинжаг дийлэхгүй нь гэж хэлж байгаад юу хэлэх вэ. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхийг хориогүй. Гадагшаа ачуулж байгаа бүтээгдэхүүний орлого нь буцаж орж ирэхгүй байна. Үр ашигтай болгоход анхаар.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Аж ахуйн нэгжид буруу байхгүй, төрийн шийдвэрт байгаа. Татвар төлсний ашгаас 34 хувь авах нь ойлгомжтой. Шороон ордыг өмнө нь ашиглачихсан. Үндсэн ордыг ашиглахаар байгаль орчин нөхөн сэргээгдэнэ гэж ойлгож байгаа. Палентологийн судалгаа бүрэн хийгдсэн гэж ойлгосон. Баталгаажсан нөөц нь 50 тонн алт. Монголбанк гэрээ байгуулаад урьдчилж авсан нөхцөлд гадаад валютын нөөц бүрдэнэ. Хэдэн хувийн ашиг олох боломжтой байгаа вэ?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийгээд 34 хувийг эзэмших, үүнтэй дүйцүүлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар тохиролцсон. Рояльтын татвар 3 хувь байна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Археологийн олдвор бий эсэхээр судалгаа хийсэн. Таван сард ажлын хэсэг гарч ажилласан. Трассынх нь дагуу судалгаа хийсэн. Ганц нэг олдвор бий. Олборлолт хийхэд хамаарахгүй байгаа.

Энэ орд жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэнэ. Хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 60 тонн алтны нөөцтэй, олборлох урсгал зардал нь 1 тэрбум 700 гаруй сая ам.доллар. Нөгөө компани ч ашиг байхгүй, Засгийн газар 34 хувийг тусгай рояльтигаар орлуулах нь.

Монгол Улс 2017 оноос их хэмжээний өр төлж эхэлнэ. Энэ орд 2017 онд 500 сая ам.доллар гаргаад улсынхаа өрийг төлж болохгүй юу. Өр зээлээ төлөх л болно. Том орд ашигласнаар өрнөөс гарах, төлбөрийг нь хөнгөлөх юм руу явах ёстой. Оруулж ирсэн тооцоогоор чамлалттай байна. “Сентерра гоулд”-ыг гуйгаад байх шаардлагагүй. Гарна гэж айлгадаг юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Засгийн газар хангалалттай сайн ажилласан. Ашгийн 70 орчим хувь Монголд үлдэнэ гэдэг бол үүний нотолгоо. Ирэх жилээс алт тушаагдана. Энэ ажил явахгүй бол орлого буурна.

Чамлалттай санагдаж байж мадаггүй. Гэхдээ энэ ажлыг хийхгүй бол яах вэ, Арбитрын шүүхэд хандахад өчнөөн сая төгрөгийн төлбөрт унана.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Монгол Улсын төр эзэмших хувьтай дүйцүүлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэдэн хувь байх вэ гэдэг дээр хэлэлцээр хийхэд амаргүй байсан. Хөрөнгө оруулагч тал 1.7 хувь гэсэн, манай хуулиар 5 хүртэл хувь гэж хуульчилж тогтоосон. Ажлын хэсэг уйгагүй ажилласан, гадаадын нэр хүндтэй хуульч, эдийн засагчдыг авч ажилласан. Ингэсний үр дүнд 1.7 хувийг 3 хувь болгож өөд нь татсан. Борлуулалт хийсний дараах өдрөөс ашигт малтмалын тусгай төлбөр аваад байх боломжтой.

Монгол Улсад суурь тусгай төлбөр, өсөн нэмэгдэх төлбөр, стратегийн орд ашигласны төлбөр гэж гурван төрлийн татвар бий.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Алтны үнээсээ шалтгаалаад тусгай рояльтын төлбөр нэмэгдээд явна хэмээв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *