Арванхоёрдугаар сар гарсаар Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээ огцом буураад байна. ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын гурванаас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоог 100 болгосон юм.
Хэдий тийм боловч энэ долоо хоногт хилээр нэвтэрсэн автомашины тоо 100-аас доош орж буураад байна. Нөгөө талаас Ганцмод боомтод очсон тээврийн жолооч нараас шинжилгээ авахад зургаан хүний хариу “Эерэг” хариу гарсныг Зам, Тээврийн хөгжлийн сайд мэдээлсэн юм. БНХАУ-ын талаас ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Дотоодын экспортлогч компаниудын хувьд Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрсээ тээвэрлэдэг “Өсөх зоос” компани аравдугаар сарын 15-наас хойш тээвэрлэлт огт хийгээгүй байна. Тус компани хоёр сая тонн нүүрс гаргана гэж тооцоолж байсан ч одоогоор 700 мянган тонныг гаргаад байгаагаа мэдээллээ. Мөн тээвэрлэлт хийгдэхгүй байгаатай холбоотойгоор нүүрсний олборлолтоо зогсоогоод байгаа юм.
Замын-Үүд-Эрээний боомтын авто замын тээврийг энэ баасан гарагт нээж байгаа бол төмөр замаар зөвхөн чингэлгээр тээвэрлэлт хийгдэж байна. Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд 12 дугаар сарын долооны байдлаар дотоодын коксжих нүүрсний нөөц 19.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.
Монголоос нийлүүлэлт буурснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж байгаа аж. Пүрэв гарагийн арилжаагаар Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний үнэ тонн нь 2000 юань давж хаагдсан байна.
С.Өнөрсайхан