Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гарц байдаг

Үсчид өдөр бүр хүний үс засч, янзалж байж гэмээнэ орлоготой сууна. Гэтэл монгол зурхайгаар сарын гуч хоногийн бараг талд нь үс засуулахад муу, тохиромжгүй, сүлд тэнэж холдоно, үгүйрнэ гэх мэтээр номлосон байдаг. Хэрвээ энэ зурхайг хатуу баримтална гэвэл амьдрал дээр буушгүй юм. Тэгтэл үсчид хүний үсийг өдөр бүр засч, орлогоо таслахгүй байх аргаа олчихсон. Ямар ч өдөр, цаг, нар дор үс засахад харшлах үйлийг нь хариулдаг гэх тарни олоод толиныхоо дэргэд хадчихсан байдаг. Үйлчлүүлэгч орж ирээд “За, байз өнөөдөр чинь хуучны хэдэн билээ. Үсэндээ хайч хүргүүлчихвэл яадаг бол” хэмээн эргэлзэн асуухад өнөөх тарниа заагаад өгчихнө. Ингээд л боллоо. Үсчид монгол зурхайг харааж, зүхсэнгүй. Өөрсдийнхөө орлогыг тогтмол байлгахын тулд яах вэ гэж санаагаа чилээснийхээ хүчинд ийм энгийн гарц олчихжээ.

Үүн шиг юм бүхэнд гарц байдаг, том ч бай, жижиг ч бай. Эдийн засаг хямарлаа, хямарч байна, амьдрал хэцүүдлээ гэж хичнээн орилолдоод нэмэргүй. Бүгд л дор дороо хийж байсан ажлаа үргэлжлүүлж, авч байгаа цалин нь өмнөх шигээ хүрэлцэхгүй байгаа ч болно, бүтнэ гэсэн сэтгэлтэй зүтгэх хэрэгтэй юм шиг ээ. Эдийн засаг унтаж байсан хүн сэрэх шиг хормын төдийд сэргэдэггүй. Ард түмэн өмнөх шигээ амьдралаа залгуулж, хичээж ажиллах нь ирэх цагийн гарц нь ч юм билүү.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *