Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын Чун Ан их сургуулийн профщссор Чу Ён Шик, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн НҮТББ-ын захирал Т.Мөнхмарал болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил нар байлцав.
Уулзалтаар “Монгол-Солонгосын гарааны бизнес, “HUB” байгуулах, хамтарч ажиллах” төслийн талаар санал солилцлоо. Уг төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсад стартапын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготой юм.