Дэлхий дээр мөнхийн гэмээр урт настай амьтан тун цөөн байдаг. Тэдний нэг нь яах арга гүй далайн яст мэлхий. Яст мэлхий 300-400 жил насалдаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Түүнчлэн амь бөхтэй амьтан. Зүрхийг нь салгачихаад байхад хоёр өдрийн турш буюу 48 цаг зогсолтгүй цохилж чаддаг гайхамшигтай чадвартай ажээ. Яст мэлхийний урт насалдаг нууцыг эрдэмтэд олон жилийн турш судалж байна. Үүний дүнд хэд хэдэн дүгнэлт хийжээ. Тэдний амьдрал бүхэлдээ амар тайван, нам гүм орчинд өнгөрдөг. Байнга хөдлөөд, яваад байдаггүй яст мэлхийнүүд түм түжигнэсэн орчлонгоос ямагт хол байхыг хичээдэг байна. Нэг ёсондоо тэд ганцаардмал амьдралыг илүүд үздэг аж. Тиймдээ ч бодисын солилцоо нь бусад амьтныхаас хэд дахин удаан явагддаг нь урт наслах бас нэг нууц нь юм. Мөн энэ амьтан өөрт хуримтлагдсан энергиэ хэмнэх онцгой чадвартай. Угаас тэд хоол хүнс голдоггүй. Голдуу өвс ургамал иддэг ч заримдаа усны амьтан зооглох нь бий. Яст мэлхий одоогоос 250 сая жилийн өмнө бий болсон гэж үздэг. Тэр үеэс хойш хоёр баг болж арванхоёр бүлд хуваагдсан. 230 орчим төрлийн яст мэлхий манай дэлхийн тэнгис далай, хуурай газар аж төрдөг болжээ.Түүний хуяг гайхалтай нууцлаг бөгөөд хэн хүний анхаарлыг байнга татдаг аж. Ялангуяа далайн яст мэлхийн хуяг хуурай газрынхаас бүр том, хоёр метр урт, 900 гаруй кг хүнд. Хэвлээр явагч энэ болхи амьтны хуягийн хэлбэр дүрс амьдралынх нь хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Тухайлбал, хуурай газрын яст мэлхийн хуяг босоо, өндөр бол цэнгэг усных хавтгай хэлбэртэй. Хуяг нь түүний хэтэрхий зөөлөн арьсыг хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас яст мэлхий айхаараа хуягандаа нуугддаг. Түүний хуяг нь дээд, доод хоёр хэсгээс бүтдэг бөгөөд хоорондоо ясаар холбогддог байна. Яст мэлхийн хуяг нь наслах тусам хатуурдаг гэдэг. Зарим үед яст мэлхийнүүд далай тэнгисээр хоол тэжээлгүй хэдэн зуун бээр аялах тохиолдол гардаг. Энэ үед тэд яг л өвөл ичээндээ орсон амьтан шиг юу ч идэлгүй олон хоногоор явна. Мөн бодисын солилцоогоо, биедээ хуримтлагдсан шим тэжээлт зүйлийн гадагшлах явцыг багасгадаг байна. Аливаа амьд биет, амьтдад хүчилтөрөгчийн чөлөөт орчин гэж байдаг аж. Энэ орчны хэмжээ ихсэх, эсвэл өөрчлөлт гарсантай холбоотойгоор судас хатуурах, дархлаа буурсан хүмүүст янз бүрийн өвчин эмгэг үүсэх аюултай. Харин яст мэлхийд хүчилтөрөгчийн чөлөөт орчныг тэнцвэржүүлэх, илүүдлийг устгадаг чадвар бас байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь яст мэлхийний амьсгалын тогтолцоотой холбоотой. Энэ амьтны хавирга хооронд булчин гэж байхгүй. Иймд амны хөндийн доод талын булчингийн агшиж сунах хөдөлгөөн, толгой хөлний болон уушгины тэлэх үйл явцаар дамжуулан амьсгалдаг юм байна. Амьсгалын энэ тогтолцоо нь түүнийг урт наслуулах гол хүчин зүйл болдог хэмээн үзэх нь бий. Түүнчлэн Хятадын уламжлалт хийн дасгалуудын нэгд яст мэлхийний амьсгалыг дуурайсан хөдөлгөөн байдаг юм.
ЯСТ МЭЛХИЙГ ТЭЖЭЭХ БОЛ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан хэмээн үзэж хүмүүс яст мэлхийг хүндлэн шүтэж, зарим хүмүүс гэртээ тэжээдэг юм. Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.
Тэд бас өвлийн улиралд буюу хүйтэнд яснаасаа дургүй гэж хэлж болно. Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нэлээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ усны түвшинээс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны температур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй. Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.
Хамгийн чухал зүйл нь усыг өдөрт солих хэрэгтэй. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг.
Мөн бохир усан дээр хийсэн хоол идсэнээс амархан өвдөх шалтгаан болдог. Хоолыг нь усаа сольсоны дараа аль болох цэвэрхэн байх үед нь өдөрт нэг удаа өгөхөд хангалттай.
Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байх нь нийцтэй. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог. Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно. Мөн Д витамин өгч бяслаг, усан үзэм, шийгуа, алим, чанасан төмс, ургамлын навч, борооны дараа гарсан нойтон өтөөр хооллож байвал насыг нь уртасгана. Хэрэв мэлхийгээ арчилж тордож чадахгүй бол түүнийг гэрийн тэжээмэл амьтан болгох гэж яарсны хэрэггүй.
Эр яст мэлхий нь хуягнаасаа илүү гарсан урт сүүлтэй мөн доод талын хуяг нь илүү их хонхор байдаг. Энэ нь эм мэлхийтэйгээ нийлүүлэгт ороход зохицолдсон юм.
Эм мэлхий нь богино сүүлтэй хуягнаасаа ил гараагүй мөн доод хэвлийн талын хуяг нь хавтгай байдаг.
Яст мэлхийг зориулалтын хоолоор хооллох хэрэгтэй. Зарим тохиолдолд зориулалтын хоолны оронд махыг кальцитай хольж өгвөл илүү дээр байх нь бий. Мөн навчлаг ногоон ургамал буюу байцаа өгнө.
Ямар ч амьтан тэжээж байгаа үед бид нарт ямар нэгэн хэмжээгээр өвчин халддаг. Жишээ нь, нохой гэхэд л арьсны янз бүрийн халдвар элбэг. Мэлхийнээс цусан суулга өвчин халдах боломжтой. Ялангуяа бага насны хүүхдүүд гараа сайн угааж байх хэрэгтэй.
Яст мэлхийний үржил төллөлт нь ямар төрлийн мэлхий гэдгээсээ хамаараад өөр өөр байдаг. Гэхдээ жилд нэг удаа өндөглөдөг. Өндөгтөө зориулж үүр бэлтгэдэг өндөг гарснаас хойш дунджаар 60-80 хоног болоод мэлхий болдог. Нэг сонирхолтой мэдээлэл гэвэл өндөгнүүдийг гарсны дараа 20-30 градусын хэмд тогтмол байлгахад бараг 100 хувь нь эр мэлхий болдог. Харин 24-26 градусын хэмд байлгахад бараг 100 хувь нь эм мэлхий болдог гэсэн судалгаа байдаг. Халуу, хүйтнээс шалтгаалж эр, эм хүйстэй болж өөрчлөгддөг гэхээр бас л сонин шүү. Нэгэн сонирхолтой түүх хүүрнэхэд Хятадын Ченгду хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд үхлийн аюултай тулгарсан Дабао яст мэлхийг аврахаар рентген туяанд харуулжээ. Гэтэл яст мэлхий хэвлийдээ 14 ихэр өндөг тээж буйг илрүүлсэн нь малын эмч нарыг мэл гайхшруулсан байна. Ийм олон өндгийг аварч чадахгүй гэж айж байсан юм. Бүтэн хоёр цаг хагалгаа хийсний дараа 14 өндөг гаргаж авсан ажээ. Гэхдээ өндөгнүүдийг нь аврахын тулд яст мэлхийний хэвлийг онгойлгосон тул өөрөө үхжээ. Мөн нэгэн жишээ дурдахад, усан оргилуурт зоос шидэх нь аз авчирдаг гэх мухар сүсэг түгээмэл байдагтай холбоотойгоор Тайландын нэгэн яст мэлхийн бие муудахад ходоодноос нь 915 зоос гаргаж байсан гэдэг.
ЯСТ МЭЛХИЙНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот хааш хаашаа дөрвөн километр үргэлжилсэн хэрмээр хүрээлүүлж байв. Уг хэрмийн тал бүрт чулуун мэлхий байсан нь өнөөдөр ч Эрдэнэзуу хийдийн ойролцоо хадгалагдан үлджээ. Энэхүү дөрвөн яст мэлхийг Хархорум хотын сахиус хэмээн тухайн үеийн монголчууд хүндлэн, шүтдэг байсан талаар сурвалж бичигт бичсэн байдаг. Дорно дахины ард түмэн эртнээс яст мэлхийг гэрэлт хөшөөний суурь болгон өнө удаан жаргалын бэлгэдэл хэмээн шүтэж байв. Харин монголчуудын хувьд “Манай гариг аварга том яст мэлхийний нуруун дээр оршдог ба дэлхийг аюул ослоос хамгаалдаг” хэмээн домгийн амьтан мэтээр шүтдэг байжээ.
Энэ домгоос сэдэвлэн Хархорумын дөрвөн талд чулуун яст мэлхий тавьж хотоо аливаа аюулаас хамгаалдаг байсан гэдэг. Манай улсад яст мэлхийний цуглуулга ихтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг болох Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралтын цуглуулганд 100 гаруй яст мэлхий байдаг гэсэн. Яст мэлхий гэхээр бидний бодолд ногоон хуягтай, орчин тойрныхондоо ямар ч хор уршиггүй амьтан төсөөлөгддөг. Тэгвэл бүх яст мэлхийнүүд тийм биш юм байна. Эдгээрийн нэг болох нэгэн өвөрмөц мэлхийг Өмнөд Америкийн Амазон болон Ориноко голд байдаг гэнэ. Эрдэмтэд үзэхдээ Мата-мата нь цацраг идэвхт бодис ашиглан хийж байсан туршилтуудын үр дүнд үүссэн гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж. Гэвч энэ бол зөвхөн таамаг бөгөөд үнэндээ бол дэлхийн бас л нэг өвөрмөц, нээж илрүүлж хараахан амжаагүй байсан амьтны нэг төрөл болов уу. Энэхүү Мата-мата яст мэлхий нь 50 см урт, 10 кг жинтэй гэнэ. Энэ төрлийн яст мэлхийг дэлхий дээр ердөө л 31 ширхэг байдаг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн тэд өмнөд хэсэгт Австрали, Шинэ Гвиней болон Өмнөд Америкт байрладаг байна. Яст мэлхийний тухай бас нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд яст мэлхий усан дор байхдаа өгзөг рүүгээ амьсгалж чаддаг гэнэ. Яст мэлхий бэлгэдлийн шинж чанартай хүн төрөлхтний оюун санаанд эртнээс шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь бас учиртай юм. Түүний булчинлаг хөл, урт хумстай савар, хурц шүд бүхий том ам нь лууных байж болмоор ижил харагддаг. Хөл хуяг хоёрыг нь галын дөл мэт хээ гаргаж холвон зохиомжилж дүрслэн могой ч юмуу гэмээр байдаг. Биеийнх нь дунд хавтангууд буй хавтангууд зургаан булантай, зууван хэлвэртэй, дээгүүр нь сувдан хэлхээ мэт гол зураас гаргасан байна. Яст мэлхийнүүд бүгд нурууныхаа голд тэгш дөрвөлжин оруулга нүхтэй, дээр үед тэрхүү нүхэнд нь бичээс сийлсэн чулуу суурилуулдаг байжээ. Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтанд тооцдог. Бүр Христийн тооллын хоёр мянган жилийн өмнөх домогт Шан “Shang” улсын үед яст мэлхийн хуягийг мэргэ төлөг тавих хэрэгсэл болгож байжээ. Түүнээс гадна, яст мэлхий нь ертөнцийн дөрвөн зүгийг илэрхийлэгч дөрвөн амьтдын нэг бөгөөд бөгөөд могойн хамтаар “Умардын хар дайчин” болохын зэрэгцээ луутай хамт эр чанарыг бэлгэддэг. Мөн яст мэлхий нь усны амьтан бөгөөд Таван Махбодийн усны бэлгэ тэмдэг нь яст мэлхий учир усны аюул ослоос хамгаалахын үүднээс самардуулан байрлуулдаг гэж үздэг. Яст мэлхий ус хоолгүйгээр хэдэн сараас хоёр жил хүртэлх хугацаагаар байж чаддаг.
Яст мэлхий бол маш тэвчээртэй, амь бөхтэй амьтан. Тэдний дархлааны систем нь төрөл бүрийн халдвартай сайн тэмцэж чаддаг, гэмтэл шарх нь маш хурдан эдгэрдэг байна. Бас нэг сонирхолтой зүйл нь яст мэлхий зүрхний цохилтоо зогсоож, хэрэгтэй үед ажиллагаанд оруулж чаддаг. Зүрхээ зогсоосон яст мэлхий огт хөдөлдөггүй байна. Энэ үед яст мэлхийг яаж ч цочоосон огт хөдлөхгүй үхсэн мэт байдаг. Яст мэлхийг бүр үлэг гүрвэл бий болохоос өмнө үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Тэдний огт өөрчлөгддөггүй, хувьсдаггүй нь амьд организмын хувьд хачирхалтай үзэгдэл нь байгаль эх үнэхээр өөрийн зохицолдоогоор бүтээсэн мэт санагдана. Иймээс л тэд ямар ч нөхцөлд дасан зохицож, олон жил амьдрах чадвартай байдаг биз.
Б.ОДМАА