Categories
мэдээ цаг-үе

“Ганц худаг”-т хоригдоод байгаа С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Г.Амарбат нарыг үргэлжлүүлэн хорих үгүйг өнөөдөр шийднэ

– “ОЮУТОЛГОЙ”, “ЭРДЭНЭТҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ 500 ГАРУЙ ХҮНИЙГ АТГ ШАЛГАХААР БОЛЖЭЭ-


Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 1-нд нэр бүхий дөрвөн хүнийг цагдан хорьжээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсээс Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, “Оюу толгой” төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг гэрээс нь саатуулжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдаа хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг саатуулсан байна.

Т.МӨНХТУНГАЛАГ: НЭР БҮХИЙ ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТНЫГ БАРИВЧИЛЖ, ХОЛБОГДОХ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

Өчигдөр 12:30 цагт Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг баривчилгааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газраас “Оюу толгой”-н төсөлтэй холбоотой нэр бүхий дөрвөн хүнийг энэ сарын 1-нд баривчилсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Авлигатай тэмцэх газраас “Оюу толгой”-н төсөлтэй холбогдох “Батлагдсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг нэмж холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Эдгээр нэр бүхий хүмүүсийг энэ сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Үүнээс гадна “Стандарт” банкнаас “Жаст” компанийн авсан зээлд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх асуудалтай холбогдуулж, тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг энэ сарын 1-нд баривчилж, хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байгаа юм.

-Сэжигтнүүдийг хорих хугацаа тодорхой болсон уу. Ямар үндэслэлээр сунгах төлөвтэй байгаа бол?

-Дээр нэр дурдсан хүмүүсийг цаашид яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газар үзэж байгаа. Иймээс цагдан хорих, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Мөн шүүхийн байгууллагад саналаа явуулсан. Шүүх шийдвэрээ гаргавал яллагдагчаар татаж, цагдан хорино. Шүүх өнөөдөр хэлэлцэнэ гэсэн.

-Эдгээр хүмүүсийг шалгаж байгаа нь Дубайн гэрээтэй яах аргагүй холбогдоно. Энэхүү гэрээг байгуулсан гол хүн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Түүнд ямар нэг байдлаар хэрэг үүсгэсэн үү, шалгах уу?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг одоогоор гадаад улсад байгаа. Тиймээс түүнд прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн. Монголдоо ирэх үед нь энэ хэрэгт холбогдуулж, байцаалт авна.

-Амралтын өдрөөр ийнхүү баривчилгаа явагдсан нь улс төрийн зорилготой байсан гэдгийг ярих хүмүүс ч байна…

-Байцаан шийтгэх ажиллагаа ажлын болон амралтын өдөр гэж ялгадаггүй. Тасралтгүй үргэлжилж байдаг юм. Уг хэрэг дээр ажиллаж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг болон мөрдөгч нар бямба, ням гаригийг ялгалгүй ажиллаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журамд зааснаар “Байцаан шийтгэх ажиллагааг өдрөөр ялгаж өгдөггүй” юм. Харин цагаар ялгасан байдаг. Иймээс энэ бол хууль зөрчсөн ажиллагаа биш. Хууль журмын дагуу явагдаж буй.

Г.БЯСМАН: ПРОКУРОР ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цаг үеийн асуудлаар өчигдөр мөн л мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ сарын 01-ний өдөр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримт болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан. Уг хэргүүдэд холбогдсон хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас цаашид үргэлжлүүлэн яллагдагчаар татах шаардлагатай гэж үзжээ. Иймээс прокурорт яллагдагчаар татах санал ирүүлээд байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр татаж, хойшлуулшгүй баривчилгаа хийсэн. Авлигатай тэмцэх газраас цаашид Г.Амарбатыг үргэлжлүүлэн яллагдагчаар татах, шалгах саналыг Нийслэлийн прокурорын газарт ирүүллээ. Прокуророос хэргийн материалтай танилцаж байна” гэж мэдээллээ. Өнөөдөр тэдний хорих хугацаа сунгах эсэхийг Нийслэлийн прокурор, шүүхийн байгууллага хамтран шийдэх юм.

С.БАЯРЦОГТЫН АРААСЕРӨНХИЙ САЙДАСАН С.БАЯР, Д.ЗОРИГТ, Л.ГАНСҮХ, Б.ЭНЭБИШ, ДА.ГАНБОЛДТЭРГҮҮТЭЙ 300 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАХААР БОЛЖЭЭ

Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгт АТГ, Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран ажиллаж байгаа билээ. Тус газраас С.Баярцогтыг “Оюу толгой” төслийн гэрээ байгуулахад авлига авсан байж болзошгүй ноцтой баримт ирсэн байдаг. Тухайлбал Рио Тинто корпорацийн холбоотой байж болзошгүй компанийн данснаас 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан бөгөөд энэ нь нэг төрлийн мөнгө угаасан хэрэг хэмээн үзэж буйгаа мэдэгдээд байгаа. Эндээс эхлэн “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэх явцад манай улсын нэр нөлөө бүхий улстөрчид авлига авсан байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна. С.Баярцогт энэ талаар мэдүүлэхдээ “Арван жилийн өмнө орсон их хэмжээний мөнгийг би монголын нэгэн бизнесмэнээс зээлсэн. Зээлсэн мөнгөө тэр данс руу нь эргүүлэн шилжүүлсэн байгаа” хэмээн мэдүүлсэн байдаг. С.Баярцогтыг саатуулан шалгаж байгаатай холбоотойгоор одоогийн байдлаар 300 гаруй хүнийг шалгахаар болоод байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс “Оюу толгой” компани манай улсын Засгийн газартай гэрээ хийсэн асуудлаар тухайн үед Ерөнхий сайдар ажиллаж байсан С.Баярыг шалгахаар болсон байна. Тухайн үед Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахаар болж нэрсийг нь гаргасан байна. Мөн “Оюу толгой”-н гэрээнд гарын үсэг зурсан Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг шалгах гэнэ. Д.Зоригтыг дагаад Эрчим хүчний яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хэлтэс, газрын дарга нарыг шалгахаар болсон байна. Тус яамнаас гэрээ байгуулахтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, судалгаа шинжилгээ хийсэн байдаг аж. Байгаль орчины сайд асан Л.Гансүх болоод түүний удирдлага дор ажиллаж байсан арав гаруй хүнийг шалгахаар нэрсийг нь гаргажээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Л.Гансүх дахин АТГ-т дуудагдах нь бололтой. “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурсан Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон түүнтэй холбоотой таван хүнийг шалгах гэнэ. Б.Энэбиш нь оффшор банкинд данстай компаниудын нэрсийг зарласан. “Бату майнинг” компанийн монгол талыг хариуцсан захирлаар ажиллаж байхдаа есөн аймгийн нутгаас 187 лиценз авсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа билээ. 2008 онд “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Да.Ганболдыг ч шалгах асуудал яригдаж эхэлжээ. “Оюу толгой” уул уурхайн төслийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан сайд дарга, тэдний ойрын хүмүүс, тэр байтугай ар гэрийнхэн, нэр бүхий компанийн эздээс хүртэл эхний удаад гэрчийн мэдүүлэг авах мөрдөн байцаалтын төлөвлөгөө гарчээ.

Б.БЯМБАСАЙХАН “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИД ДАВУУ ЭРХ ОЛГОДОГ БАЙСАН ГЭВ

“Оюу толгой” ХХК дахь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг эзэмшин, төлөөллийн эрхийг хэрэгжүүлдэг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханд “Оюу толгой” гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гэртээ амарч байхад нь АТГ-ын алба хаагчид саатуулжээ. Б.Бямбасайханыг улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон гэх асуудал байгаа гэв. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн “Оюу толгой” компанийн удирдлагуудаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. 2014 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн Залуу Манлайлагчаар шалгарч байсан уул, уурхай эдийн засгийн томоохон эрдэмтдийн нэг хэмээн нэрлэгдэх болсон Б.Бямбасайхан цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулагдлаа. Түүнийг 2015 оны наймдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байдаг.

Б.АРИУНСАНГ ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН ГЭХ АСУУДЛААР ШАЛГАЖ БАЙНА

Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан “Оюу толгой” компанийг татвараас чөлөөлсөн асуудалд шалгаж байгаа аж. Тэрбээр “Оюу толгой” компанийг татвараас чөлөөлөх тухай өөрийн гарын үсэг бүхий албан бичиг байгаа аж. Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа татварт авах 127 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгож багасгасан гэх мэдээлэл байна. “Оюу толгой” компанид татварын хөнгөлөлт үзүүлсэн асуудлыг Татварын ерөнхий газраас шалгасан билээ. Ажлын хэсэг тус компанийг 2010- 2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад ноцтой зөрчил гаргасан хэмээн дүгнэж акт гаргасан. Ингээд 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. Үүний 30 саяыг “Оюу толгой” компани 2015 онд барагдуулсан байдаг. Мөн л 2013- 2015 оны үйл ажиллагаанд Татварын ерөнхий газраас дахин шалгалт хийж 155 сая ам.долларын торгууль тавьсан байдаг. Энэ мэт байдлаар “Оюу толгой” компанитай холбоотой татварын маргаантай асуудал олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Татварын ерөнхий газрын “Оюу толгой” компанид шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, монголын олон хууль журмыг зөрчиж байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу АТГ-аас “Оюу толгой” компанийн удирдах албан тушаалтнууд болон нягтлан, тухайн үед Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, дэд дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. “Оюу толгой” компанийг татвараас чөлөөлсөн асуудалтай холбоотойгоор 20 гаруй хүн шалгагдах хар зураг гараад байгаа юм байна. Татварын ерөнхий газраас “Оюу толгой” компанид татварын акт тавьсан маргаан нь арбитрийн шүүхэд очоод байгаа. Манай улсын Засгийн газрыг “Оюу толгой” компанийн хувьцаа эзэмшигч “Туркиз Хил Ресурс” компани Арбитрийн шүүхэд өгсөн юм.

Г.АМАРБАТ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН БАРЬЦААНД ТАВЬЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН АСУУДЛЫН ГОЛ ГЭРЧ

“Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгаж байгаа гэдгийг дээр дурдсан билээ. Түүнийг АТГ-ынхан гэрээс нь баривчилсан байна. “Жаст” группын захирал Ш.Батхүүг өнгөрсөн сард баривчилсан. Г.Амарбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь “Жаст” групп өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахын тулд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан хэргийн гол зангилаа тайлагдах магадлал өндөр байгаа гэнэ. Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал байгаа. Одоогоор баталгаанд гарын үсэг зурсан, зураагүй гэх асуултын хариулт ил болоогүй байна. Гэхдээ Арбитрийн шүүхэд “Стандарт” банкнаас өгсөн бичиг баримт дотор баталгаанд дээрх хүмүүс гарын үсэг зурсан гэдгийг батлах гол баримт байгаа аж. Энэ баримтнаас үүдэлтэйгээр Арбитрийн шүүхэд манай Засгийн газар унасан гэх. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн зөвлөх Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нар “Жаст” групп зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгч байгаа асуудалтай холбоотойгоор “Стандарт” банкны төлөөлөлтэй уулзсан бичлэг байдаг гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар уулзаж, 27-34 сая ам.долларын санхүүжилтийн талаар ярьсан байгаа аж. Дээрх хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчдын таамаглаж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн зөвлөх Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарын өгсөн мэдүүлэг маш чухал гэнэ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудлын гол гэрч юм байна. Хэн үүрэг чиглэл өгч, баталгаа гарга гэж тушаал өгсөн нь энэ хоёр хүний өгсөн мэдүүлэг, нотлох баримт зэргээс тодорхой болох аж. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг 100 гаруй хүнээс гэрчийн болон эрүүгийн хэргээр байцаалт авахаар болсон байна. Одоогоор Ерөнхий сайд асан С.Баяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарын 28 хүнээс мэдүүлэг авч, хавтаст хэрэгт тусгажээ.

АТГ энэ мэт улстөрчдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига авсан гэх хэрэгт баривчилгаа хийж байна. Зарим хуульчид “Муухайгаар хэлэхэд авлигалчдыг “агнах” махны машин ажлаад эхэлчихлээ” гэв. Сүр дуулиантайгаар эхэлсэн баривчилгаа ямар нэг шалтгаанаар тодорхойгүй болчихоод байгаа. Монголбанкны ерөнхийлөгч асан Г.Золжаргал, “Монголросцветмет” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарыг 48 цаг саатуулаад сулласан. Үүнээс болж холбогдох хэрэг нь замхарч байгаа гэдгийг албаны эх сурвалжууд болон хуульчид онцолж байгаа юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *