Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны “Алтан унжлагат” тахиа жилийн Сар шинийн мэндчилгээг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан дэвшүүллээ.

Гал бичин жил Монголын ард түмэн жаргалтай сайхан байлаа. Бичин жилийг янз бүрээр ярьдаг ч тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхангүй сайхан болж өнгөрлөө. Шашин төрийн хувьд амжилт бүтээлтэй сайхан жил боллоо. Гал тахиа жил эхэлж байна. Нийт монголчуудад сайхан жил болноо гэж билэгшээн бодож байна. Цагаан сарыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Цагаан сар бол монголчуудын үндэстнээрээ тэмдэглэдэг сайхан баяр. Жар, далан жил жаахан тиймэрхүү явсан ч 1990 оноос хойш их өргөн дэлгэр болж цагаан сараа өргөн тэмдэглэдэг болж Монголын ард түмэн жаргал цэнгэлтэй байна.

Цагаан сар, Наадам хоёрыг онцлох дуртай байдаг. Яагаад гэвэл монголчуудыг хэн бэ гэдгийг мэдэх хамгийн чухал хоёр баяр нь юм. Энэ хоёр баярыг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид ирдэг. Ялангуяа наадамд очиж монголчууд хэн бэ гэдгийг үзэх гэж ирдэг болсон. Цагаан сарыг ч гэсэн үзэхээр гаднын жуулчид их ирдэг болсон. Монголчуудын хөгжиж дэвшиж яваа энэ сайхан үед бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө ийм төгөлдөр байгаа үед ард түмэн үндэстнийхээ баярыг тэмдэглэж байна. Цагаан сар бол монголчуудын онцлогийг харуулж чаддаг ийм сайхан баяр юм.

Цагаан сараар бусад оронд шинэ жилийнхээ эхийг тэмдэглэдэг бол монголчууд хуучин жилийнхээ сүүлийн өдөр, шинэ жилийнхээ эхний өдөр хоёрыг хамгийн баяр баясгалантайгаар тэмдэглэдгийг Цагаан сар гэдэг. Азийн ард түмэн бол аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээе гэж мэргэдийнхээ сургаалийг дагаж явдаг. Тийм учраас өнгөрсөн 365 өдөр сайн сайхан болоод хамгийн сүүлчийн битүүний өдөр хамгийн сайхнаар төгсгөж байгааг билэгддэг юм. Энэ өдөр гэр орноо цэвэрлээд шинэ дээл хувцсаа оёж дуусгадаг. Хуучин жилийн хир буртагийг бүгдийг нь үгүй хийж байгаа билэгдэлтэй юм. Энэ өдөр гурван янзын юмыг хичээдэг. Нэгдүгээрт биеэ хичээж дээл хувцсаа засч айлд орохдоо товч, бүчээ бүчилж, малгай хувцсаа зөв түвшинд тавьж орно. Энэ бол биеийн билэгдэл. Хоёрдугаарт хэлний бэлтгэл байна. Хэлээрээ билэгдлийн сайхан үгийг хэлж айлд орохдоо “Амгалан сайхан битүүрч байна уу” гээд уужуухан тайван ордог. Энэ бол хэлний билэгдэл. Бие хэл хоёрын ард сэтгэл байдаг. Бие, хэл хоёрын ариун цэвэр байдлаар шинэ оноо үдэж байгаа нэг ийм хэлбэр байгаа юм. Тэгэхээр Монгол айлд хааш яайш хувцаслан бие, хэл хоёроо буруу авч явбал зочин болохдоо тааруу байдаг. Тийм учраас их хичээж амар мэндээ мэддэг.

Сэтгэлийн талаас нь аваад үзвэл хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг гэдэг бол хүндэтгэлийн эд. Эрдэнэсийн чулуу зэргээр хийснийг барьдаг. Хөөрөгнийхөө амсрыг жаахан султгаад нөгөө хүндээ барьдаг. Суллаж байгаа үедээ бол би бол энгийнээр сайхан амьдарч байгаа, жаргал зовлон элдэв зүйлсээс бэргэх юм байхгүй гэдэг дохиог өгдөг. Тийм учраас авч байгаа хүн яриа хөөрөөгөө үргэлжлүүлээд аж амьдралын аливаа нэг зүйлийг хөөрөлддөг. Жаахан чангатгаад дараад өгчих юм бол тэр айлд ямар нэгэн гунигтай үйл явдал тохиосон ч байдаг юм уу тэрийгээ дохиж хэлдэг. Тийм учраас эсрэг тал нь үгээ цэнээд энэ айлд ямар нэг юм тохиолдож гээд яриандаа ордог. Сайхан сэтгэлийн билэгдэл, эвслийн билэгдэл болгож хөөргөөр тамхилдаг. Оны сүүлчээр ингэж хөөрөглөдөг ёс бол Өндөр гэгээний үеэс билэгдэлтэй. Яагаад гэвэл эвсэж өгөхгүй, дайн байлдаанч улсууд хоорондоо яриа хөөрөө таарахгүй байгаа үед нь хөөрөглөж бай гэсэн утга хэлсэн. Тийм учраас хөөрөгний ёс журам дэлгэрээд монголчууд хоорондоо хөөрөглөөд амьдралынхаа яриа руу урсаад орохоор сайхан эвссэн байдаг. Тийм учраас битүүний өдөр эв түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зэрэг зүйлсээ шинэ онд авч орохгүй, үүнээс хойш бид хоёр сэтгэлийн ямар нэг хиргүй боллоо шүү гэж эв найрамдлын тамхиа өгдөг ийм сайхан уламжлал байсан. ..үргэлжлүүлэн доорх бичлгээс үзнэ үү.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *