Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэглэн хийдийн Тэргүүн хамба лам Д. Чойжамц айлдвар айлдав

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийг угтаж Гандантэгчэглин хийдийн Тэргүүн хамба лам, Гавж Д.Чойжамц сүсэгтэн олон болон Монголын нийт ард олонд мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа.

Тэрээр “Өнгөрсөн жил ард түмний амьдрал дээшилж, засаг төр цэгцрэн хөгжил дэвшлийнхээ замд орсон жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлтүүд гарсан. Миний багадаа явж байсан Ард кино театр, Ленин клуб гэхээр одооны залуус мэдэхгүй байна. Хэвлэл мэдээлэл, интернэтийг харж байхад ихээхэн өөрчлөгдөж. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больжээ. Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна. Эдүгээ Монголд бүтээн байгуулалтын цаг өрнөж байна. Цемент, барилгын үйлдвэрүүд байгуулж, тэргүүний тоног төхөөрөмжийг нийлүүлж, зам гүүр, байшин барилга, хувцасны үйлдвэрүүд бий болж байна. Лам хүн нээлтэнд их очдог учраас тэр бүгдийг хамгийн түрүүнд үзэх бололцоо гардаг юм. Эдийн засгийн хувьд манайд яаж их юм үйлдвэрлэж болох уу гэж ярьдаг байсан бол одоо хоёр том зах зээлийн дунд байгаа гэдэг яриа бий болж. 1990-ээд оны үед улс төрийн бодлогоо шууд явуулдаг байсан. Харин одоо төрөөс буруу алхам хийсэн тохиолдолд ард түмэн шахаж, шаардаж, зөв гольдролд нь оруулж байна. Төр ч ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ бол жинхэнэ ардчилал руу явж байгаа төрх гэж үзэж байна.

Шашны хувьд мөн олон зүйлс өөрчлөгдсөн. 1937 онд 20, 30-н мянган ламаа егүүтгүүлж байсан. Уламжлалт соёл, зан заншил, шашин улс орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн тэдэнд таалагдаагүй учраас бүхнийг устгасан. 1937 онд 1000-аад сүм, хийд дотор байсан шүр сувд, оюун номинг бүгдийг нь хураан авсан. Үүний дараа ердөө 70 гаруй лам хуварга л шашнаа авч үлдэхээр хичээж байсан юм” гэв.

Мөн тэрээр цагаан сарын баярын өв уламжлалын талаар товч ярьлаа. “Цагаан сараар ахмадаа хүндэтгэн, шинээр мэндэлсэн үр хүүхэд, хамаатан садантайгаа танилцдаг тул Эв нэгдлийн баяр юм. Нөгөөтэйгүүр өр төлөөсөө төлж, сэтгэл зөрөөтэй явсан нэгэнтэйгээ хөөрөг зөрүүлэн цагаадаж, хүний нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх зэрэг үйлийг хийдэг тул зан заншлын баяр хэмээн үздэг. “Цагаан сараар айлд орсон хүн эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад хүнтэй мэндэлнэ. Бэлэг дэмбэрэлгүй муу үг хэлж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг Цагаан сараар гэртээ дахин урьдаггүй. Энэ мэтээр бидний өв уламжлал, идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар торгон дээлээ өмсч, Монгол уламжлалаа сурталчилах нь үндэсний дархлаагаа хадгалан үлдэхэд туйлын чухал ач холбогдолтой”. Мөн хадаг тогтвол буян тогтдог хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр. Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Уг даяаршиж буй ертөнцөд энэхүү зан заншил огт харагдахгүй байна.

Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл бүх зүйлийг даван гардаг. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн биеэ хянууштай. Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй. Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье” гэв.

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *