Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймгаар тойрч, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон билээ.
Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, гантай аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдолоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм.
Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байна.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ган гачигт өртсөн зургаан аймгийн малчдын амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг сайжруулах талаар хэлэлцэх шуурхай хурлыг Баасан гарагийн өглөө зарлалаа.
Шуурхай хуралд Засгийн газар, салбарын төлөөлөл болон өвөлжилт хүндэрч болзошгүй зургаан аймгийн удирдлагууд оролцоно.