Categories
мэдээ нийгэм

Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 480 гаруй хүн ажиллаж байна

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа 08 дугаар сарын 13-ны өдрийн 02:00 цагт осол болсон газарт ирсэн. Төмөр замын холболтын ажил дуусмагц галт тэргийг өргөх ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *