Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл өнгөрөгч гуравдугаар сард анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаас орон нутгийн зөвлөл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагад хандан зөвлөмжийг гаргаад байна.
Нэг. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдэд:
1.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах;
1.2. Улсын хэмжээнд онц чухал обьектын жагсаалтыг шинэчлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гамшгаас хамгаалах алба, шинэчлэн баталсан улсын онц чухал обьектын хэмжээнд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, үнэлгээ хийх;
1.3. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, үнэлгээнд суурилан орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
1.4. Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, холбогдох санхүүжилтийг улс,орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн болон салбарын бодлого, төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх;
1.5. Ашиглалтын шаардлага хангаагүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, нийтийн үйлчилгээний барилгуудын судалгааг гаргаж, газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж, их засвар, хүчитгэл, шинээр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
1.6. Гамшгаас хамгаалах улсын алба бүрт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.2-т заасны дагуу гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны алба хаагчийг батлагдсан төсөв, орон тоонд багтаан томилох, гамшгаас хамгаалах улсын албаны бэлэн байдал, харилцан ажиллагааг хангаж ажиллах;
1.7. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаас баталсан “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх;
1.8. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт гамшгийн аюулаас амжиж анхааруулах, эрт зарлан мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;
1.9. Аюулт үзэгдэл, осол, гамшгийн цагийн байдлын талаарх мэдээ, мэдээллийн найдвартай, эх сурвалжийн нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагууд хоорондын ажлын уялдааг хангах;
1.10. “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах” журмын хэрэгжилтийг хангаж ажиллах.
Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт:
2.1. Олон улсын түвшинд батлагдсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгүүдийг үндэсний хэмжээнд харилцан уялдаатай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах.
Гурав. Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яаманд:
3.1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх.
Дөрөв. Гадаад харилцааны яаманд:
4.1. Гамшгаас хамгаалах салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах;
4.2. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн болон бүс нутгийн платформоор дамжуулан үндэсний зөвлөлийн чадавхыг нэмэгдүүлэх.
Тав. Сангийн яаманд:
5.1. Даатгалын өнөөгийн эрх зүйн болон санхүүгийн зохицуулалтын орчинд суурь судалгаа хийж,Монгол Улсын нөхцөл байдалд нийцсэн гамшгийн даатгалын болон давхар даатгалын тогтолцоог бий болгох.
Зургаа. Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухааны академид:
6.1. Аймгуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг боловсруулж, газар зүйн болон зайнаас тандан судлах технологийг хөгжүүлэх,гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
Долоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яаманд:
7.1. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, эрчим хүний улсын алба, зам тээврийн улсын албанд эрсдэлийн тойм судалгаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.
Найм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд:
8.1. Ган, зудын эрсдэлийг тооцох, аюулыг эртнээс сэрэмжлүүлэх, эрт хариу авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.
Ес. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд:
9.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүх насны хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.
Арав. Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт:
10.1. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн орон сууцны барилга, байгууламжийг газар хөдлөлтийн аюулд тэсвэртэй байх нөхцлийг хангах, хяналтыг дээшлүүлэх.
Арван нэг. Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газарт:
11.1. Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинэ техник, технологи, инновацийг нэвтрүүлэх.
Арван хоёр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд:
12.1. Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөр, салбаруудын бодлого, төлөвлөлт, аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгасан байдалд дүн шинжилгээ хийх.
Арван гурав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст:
13.1. Олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг олгох, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангах.
Арван дөрөв. Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд:
14.1. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах эрх зүйн орчин, механизмыг бий болгох зэрэг зөвлөмжийг гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газрас мэдээллээ.