Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-н стратегийн Азийн түншлэлийн хурал болно

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээний жагсаалт батлах тухай” тогтоолд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар 2018 онд зохион байгуулахаар батлагдсан бөгөөд энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг ийнхүү зохион байгуулахаар болсон. Тус хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй төлөөлөгч оролцоно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлагдах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно.

2018 онд тус бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн аюулыг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарет Волстром /хуучнаар/ Монгол Улсын Засгийн газарт 2015 оны 05 дугаар сарын 10-13-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байхдаа тавьж байсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах засаглалыг бэхжүүлэх түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгийн эрсдэлд чиглэсэн бодлогын хэрэгжилт, түүний явцын талаар харилцан мэдлэг, туршлага хуваалцах, суралцах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ болон бүс нутгийн платформ (Азийн сайд нарын бага хурал)-д улс орны Засгийн газар, холбогдох байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалдаг.

Азийн бүс нутгийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн платформын үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Хёого мужийн Кобе хотноо 2005 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан Гамшгийн аюулыг бууруулах НҮБ-ын Дэлхийн бага хурлаас батлан гаргасан “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ: Улс үндэстэн, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох нь /2005-2015/” баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2005 оноос эхлэн 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн 3 дугаар бага хурал 2015 онд Япон Улсын Сендай хотод хуралдаж нийт 187 улс, орны төлөөлөгчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ /2015-2030/” баримт бичгийг хэлэлцэн баталсан.

Дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан баримт бичгийг хэрэгжүүлэх бүс нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг 2016 онд зохион байгуулж, тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 60 орчим орны 3500 орчим төлөөлөгчид оролцсон.

2005 онд Япон Улсын Кобе хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 2 дугаар бага хурал, 2009 онд Швейцарын Женев хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 2 дугаар чуулган, Япон Улсын Сендай хотод 2015 онд “HҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурал, Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж манай улсын төлөөлөгчид оролцож байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *