Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төвийн зохицуулагч хатагтай Габриэлла Эмэри нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг болон Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад мөрдөгдөж буй зарим дүрэм, журмыг шинэчлэх болон шинээр боловсруулан ажиллаж байгааг танилцуулаад, түүнчлэн дээрхи дүрэм журмаас гадна, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам, гамшгийн улмаас учрах эрсдэлийг шилжүүлэх, бууруулахад шаардлагатай “Гамшгийн эрсдэлийн тухай хуулийг” боловсруулахад техникийн зөвлөх ажилтныг Монгол Улсын Онцгой байдлын албанд ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төвийн зохицуулагч хатагтай Габриэлла Эмэри энэхүү саналыг нааштай хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдэв. Мөн шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг ард иргэд, олон нийтэд сурталчлахад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтойг ч уулзалтын үеэр хэлж байлаа.
Түүнчлэн их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг оруулсантай холбогдуулан ОБЕГ, МУЗН хамтран тус хичээлээр ном, гарын авлага боловсруулах, багш бэлтгэхэд хамтран ажиллахаа талууд харилцан тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.