Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн онцгой комиссын орлогч бөгөөд НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дэд дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Батсайхан болон дүүргийн онцгой комиссын гишүүд, алба хаагчид, гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэр төртэй, хариуцлагатай үүрэгт мөр зэрэгцэн ажиллаж байгаа та бүхэнд энэ амжилт хүсье. Иргэд маань гамшиг осол тохиолдсон үед хамгийн түрүүнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ үед хүчний болон төрийн байгууллагуудын удирдлага арга барил дор иргэд маань гамшигийг даван гарахад бид бүгдийн заавар, зөвлөгөө их чухал. Та бүхэн энхийн цагт илүү их дадлага сургуулилт хийх хэрэгтэй. Энхийн цагт хөлс сайн цуглуулна эрсдэл тулгарсан цагт цус бага урсах болно. Бэлтгэл сургуулийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, бие бүрэлдэхүүн, НОБГ-ын бие бүрэлдэхүүн удирдлагууд болон та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулдаг. Бид анх 2014 онд тус сургуулийг хийж байсан. Гамшиг гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг. Бид байгалийн гамшгийн өмнө байнгын бэлэн байдалтай байх үүрэгтэй. Хоёр өдөр болох уг сургалтанд зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцож байгаа нийт байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.
Гамшгаас хамгаалах эрхзүйн тогтолцоонд өөрчлөлт их орсон бөгөөд энэ тогтолцоонд тулгуурлан дүүргийн онцгой комисс, албадууд, мэргэжлийн ангиуд их идэвхи зүтгэл гаргаж оролцож байгааг тэд хэлж байлаа.
Эхний өдрийн сургалт штаб дээр цагийн байдалд дүгнэлт хийсэн бол өнөөдөр халдварт өвчний үед үзүүлэх сургууль, үерийн үед ажиллах үзүүлэх сургалт, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургуулиудыг хийх юм.