Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөхийн галууд энэ өдрүүдэд сорилго барилдаанаа хийж энэ жилийн наадамд зодоглох бөхчүүдийн бэлтгэлийн өнгө, бяр хүч ямар байгааг шинжсэн байна.
Бөхийн галуудын наадмын сорилго барилдаанд хэн, хэн түрүүлсэн талаар товч мэдээлж байна.
Хэнтийн бөхчүүдээ Э.Оюунболд тэргүүллээ
Зургадугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад “Цагаан хустын ам” хэмээх газар бэлтгэлдээ гарсан. Тэд өчигдөр /07.02/ тус дэвжээнийхэн сорилго барилдаанаа хийсэн байна. Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.
Дорнод нутгийн галын сорилго барилдаанд Д.Анар начин түрүүлжээ
Дорнод нутгийн бөхчүүдийн галын барилдаанд Монгол Улсын начин Д.Анар түрүүлжээ. Дорнод аймгийн бизнесмэн залуучууд “Дорнын хүчтэн” дэвжээний сорилго барилдааныг нийслэд зохион байгуулжээ. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар түрүүлсэн бол аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй үзүүрлэсэн юм. Тус дэвжээний тэргүүн нь ХХБ-ны дэд захирал Л.Соронзонболд бөгөөд 15 тэргүүлэгчээр нь Дорнод нутгийн бизнесмэн залуус сонгогдон ажилладаг.
“Хантайшир” дэвжээний сорилгод аймгийн арслан Ц.Бямба-Очир түрүүлжээ
“Хантайшир” бөхийн дэвжээний барилдаан Цонжин болдогын “Мандал” амралтад болж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, хилчин спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир түрүүлж, Чандмань сумын харъяат, хилчин спорт хороо, Монгол Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд Аймгийн арслан Б.Отгонбаатар нар шөвгөрсөн байна.
Завханы галын барилдаанд улсын начин Б.Чимэдвандан түрүүлжээ
Сүүж ууланд бэлтгэлд гарсан Завхан аймгийн “Даян” дэвжээний хүчит бөхүүдийг Монгол Улсын гарьд
Б.Гончигдамба галаа ахалж байгаа юм. Өнгөрсөн ням гарагт тус дэвжээний 30 бөхийн галын сорилго барилдаан болж улсын начин Б.Чимэдвандан түрүүлж, аймгийн арслан Т.Бэгзсүрэн үзүүрлэжээ. Гуравт Шилүүстэй сумын харъяат Д.Батбаатар шалгарлаа.
Алдарын бөхчүүд Таван толгойд сорилго барилдаанаа хийжээ
Алдар спорт хорооны галын сорилго наадам зургадугаар сарын 28-нд Таван толгойн баазад болж хүчит 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат аймгийн заан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, улсын начин Ц.Чимэддорж үзүүрлэжээ. Харин их шөвөгт аймгийн арслан Б.Цэдэнсодном, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарсан байна.
Булганы галын сорилго барилдаанд улсын начин Д.Тамир түрүүлэв
Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ, Булган аймгийн бөхчүүдийн галын сорилго барилдаан өнгөрсөн сарын 16-нд “Хайрын бэлэг” амралтад болов. Энэ барилдаанд 64 бөх зодоглосноос Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын начин Д.Тамир түрүүлжээ. Харин аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэсэн бол их шөвөгт Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, хурц арслан Б.Батжаргал нар шалгарсан юм.
Сүүж уулын галын барилдаанд цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлэв
Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээ, Хүч спорт хороо тэргүүтэй Сүүж уулын бөхчүүдийн галын барилдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Сүүжид өнөө жил Аварга дээд сургууль, Хүч спорт хороо, Хонгор нутаг, Ховд дэвжээ, Завханы Даян дэвжээний бөхчүүд гарсан юм. Хүчийн галыг Ж.Оргил ахалж, Б.Батдорж тэргүүтэй бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Сорилго барилдаанд 64 бөх зодоглосноос шинэ цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт Дорнод аймгийн нэмэх начин Б.Батдорж, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Амгалан нар шалгарлаа.
Өмнөговийн галын барилдаан улсын начин Ц. Одбаяр түрүүлжээ
Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээний Бөхийн галын наадамд зургадугаар сарын 28-нд Харзтайд боллоо. Барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, улсын начин Ц. Одбаяр түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик үзүүрлэсэн байна.
Ховдын бөхчүүдийн галын барилдаанд улсын начин Ч.Цогбаяр түрүүлжээ
Ховд аймгийн Ховд дэвжээний 2018 оны наадмын сорилго барилдаан болжээ. Барилдааны түрүү бөхөөр Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын начин Ч.Цогбаяр тодорч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэжээ.
“Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Б.Серик начин түрүүлэв
Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний наадмын сорилго барилдаан өнгөрсөн бямба гарагт буюу зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах “Шүтээн” амралтын газарт боллоо. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 32 бөх хүч сорин баридсанаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик түрүүлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, улсын начин Б.Баатарцол үзүүрлэсэн байна.
“Дархан хайрхан” дэвжээний сорилгод аймгийн арслан С.Ерөөлт түрүүлэв
Дархан-Уул аймгийн “Дархан Хайрхан” бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойн сорилго барилдаан зургадугаар сарын 29-нд болсон байна. Барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан А.Амараа үзүүрлэсэн байна.
“Увс нуур” галын сорилгод Н.Батсуурь арслан түрүүлжээ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах “Шүтээн” бэлтгэлийн баазад Увс аймгийн бөхийн “Увс нуур” галын сорилго барилдаан зургадугаар сарын 30-нд болсон. Энэ сорилго барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээ Өмнөговь аймгийн “Их говийн хүчтэн” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ, Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүчээ сорьсон юм. Энэ сорилгод Увс аймгийн Ховд сумын харъяат Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК “Увс нуур” галын бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат БХИС,”Увс нуур” галын бөх улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв. Харин их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат “Эс Эс Монголиа” ХХК “Өлгийн хүчтэн” дэвжээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх Аймгийн хурц арслан У.Береке шалгарсан юм.
“Их Монголын хүчтэн” дэьжээний сорилгод Б.Сангисүрэн начин түрүүлэв
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний галын сорилго барилдаан долдугаар сарын 01-нд Бугын сангийн аж ахуйд болов. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 80 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат, улсын начин Батмөнхийн Сангисүрэн түрүүлж, Өлзийт сумын харъяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэжээ. Харин аймгийн арслан Ж.Наранбаатар их шөвгийн гуравт шалгарсан байна.
Улсын начин Г.Ганжад Төв аймгийн галын сорилго барилдаанд түрүүлжээ
Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн галын барилдаан зургадугаар сарын 30-ны өдөр болж улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ. Энэ барилдааныг Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж бөхчүүдийнхээ өнгө, бярыг сонжин үзжээ.