Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсгийг бүртгэж тоолох, гэрчилгээжүүлэх зорилго бүхий “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Энэ хүрээнд Увс аймагт оршин суугаа галт зэвсэг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийг харъяа сум орон нутгийнхаа хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар дээр очиж бүртгэл тооллогод яаралтай хамрагдахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Хэрвээ галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна. Галт зэвсгийн улсын тооллого 9-р сарын 20-ноос ирэх 11-р сарын 20 хүртэл үргэлжлэх аж.
“Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээ нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг олж илрүүлэх, алдагдсан галт зэвсгийг олох, хууль бусаар галт зэвсэг, сум худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох гэх мэт олон талын ач холбогдолтой ажил юм.