Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн хуулийн төслийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдав. Уг хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргалаа.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар автомат болон хагас автомат бууг ангийн зориулалтаар ашиглахыг бүрмөсөн хориглож байгаа юм байна. Ийм заалт оруулсан нь энэ төрлийн буугаар ан хийх нь ан биш хядлага болж хувирч буйтай холбоотой гэнэ. Нөгөө талдаа бууны зохицуулалтыг нарийвчлах шаардлага үүсч байгаа ажээ.

Холбогдох газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 46 мянга гаруй буу бүртгэлтэй байдгаас 5000 орчим нь автомат болон хагас автомат бууны төрөлд хамаардаг аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар “Ан хийх зориулалтаар худалдан авсан галт зэвсгийг ашиглахыг хориглох нь нэг талдаа хүний хувийн өмчид халдсан үйлдэл болж хувирах гээд байна. Нэгэнтээ хэрэглээг нь хязгаарлаж байгаа бол төрөөс нөхөн төлбөр олгодог ч юм уу, тэр талын зохицуулалт шаардлагатай” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Төсөв хүндрэлтэй байгаа үед татвар төлөгчдийн мөнгөөр буунд нөхөн төлбөр олгох нь зохисгүй. Түүний оронд татварыг нь нэмж, зохицуулах арга байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Татвар нэмж иргэдээ дарамталж болохгүй. Нэгэнтээ судалгаагаар 5000 орчим автомат болон хагас автомат буу байгаа нь тодорхой болсон тул энэ төрлийн бууг импортоор оруулж ирэхийг хориглох хэрэгтэй” гэсэн.

Эцэст нь Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсэг дахин ажиллаж, шийдлийг олон Хууль зүйн байнгын хороо эл асуудлыг дахиж хэлэлцэхээр болсон юм. Хэлэлцүүлгийн хугацааг долоо хоногоор хойшлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын гишүүд дунд галт зэвсгийн талаарх мэдээллийг өгөх шаардлага бас үүсч байна гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.