Японы Номхон далайн эргийн газрууд галт уулын дэлбэрэлтээс үүссэн давалгаанд өнөө өглөө өртсөнийг мэдээллээ. Номхон далайн өмнөд хэсгийн Тонга улсын ойролцоо өчигдөр орой галт уул дэлбэрсэн юм. Японы цаг уурын агентлагаас цунамийн сэрэмжлүүлэг гаргасан долоон бүс нутагт 210 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд тэднийг өндөрлөг газар руу нүүхийг сануулжээ.
Одоогийн байдлаар 1.1-1.2 метр өндөртэй давалгаа Амами болон Иватэ мужид өнгөрсөн шөнө 2:26 цагт бүртгэгдсэн бол Хоккайдо, Окинава, Кюшү мужид метр хүрэхгүй давалгаа үүсчээ. Гэсэн ч албаныхан өнөөдөр гурван метр цунамийн давалгаа ирж болзошгүй гэж сэрэмжлүүлсээр байна. Одоогоор хүн гэмтэж бэртсэн эсвэл хохирол учирсан гэх мэдээлэл гараагүй байна.
“NHK” телевизийн мэдээлснээр Кочи мужид 10 завь живсэн бол Японы агаарын тээврийн компани 27 нислэгээ цуцалжээ. Галт уулын дэлбэрэлтийн голомтод ойр Тонга улсад 2020 оны дөрөвдүгээр сард хийсэн бүртгэлээр Японы 35 иргэн бүртгүүлсэн байна.
Японд сүүлд 2016 оны арваннэгдүгээр сард зүүн хойд хэсгийн нутагт 7.4 магнитуд газар хөдөлснөөр цунамийн сэрэмжлүүлэг гаргаж байв.
ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN TIMES