Ховд аймгийн хөгжимт драмын театр төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, төрийн шагналт ардын жүжигчин найруулагч Б.Мөнхдорж нарын бүтээл “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьж өчигдөр анхны тоглолтоо хийлээ.
Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай эл дуулалт жүжиг дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд цомнолыг нь МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж бичжээ. Манай үндэстэн дэлхийн түүхэнд гурван их гүрнийг байгуулсан нь дэлхийн анхны төрт улс Хүннү гүрэн, Чингэс хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс, Зүүнгарын хаант улс юм. “Галдан бошигт хаан” дуулалт жүжигт Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны төр улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, улстөрийн үзэл, амьдралынх нь сүүлчийн он жил, үндэстний эв нэгдлийн тухай өгүүлжээ. Манжийн эсрэг хийсэн түүний сүүлчийн тулаан 1696 онд Туулын хөвөөнд болсон тухай түүхэн баримтыг уншигчид мэднэ. Хүч тэнцвэргүй тулаанд ялагдал хүлээсэн Галдан хаан 1697 онд тэнгэрт хальсан. Галдан хааны туулсан амьдрал, гунигт төгсгөл, их удирдагчийн хувь заяа нь өөрийнх нь “Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.
Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.
Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн гэрээслэл
Амьдралд ялагдана гэж үгүй …
Амьдралд ялна гэж үгүй хэмээсэн ертөнцийг үзэх гүн гүнзгий үзлийнх нь бодит биелэл байсан нь өдгөөгийн бидний үед үлджээ. Эх орон газар шорооныхоо төлөө эцсээ хүртэл тэмцсэн энэ хүчирхэг хааны гайхамшигт түүх, нугараагүй чин зоригийг өгүүлсэн уг дуулалт жүжиг хөндсөн сэдэв, төрөл жанр гээд аль ч талаараа өнөөгийн театрын ертөнцөд маш том орон зайг нөхөж гарч ирж байна. Хөгжмийн зохиолч төрийн шагналт Б.Мөнхболдтой шинэ бүтээлийнх нь анхны тоглолтын үеэр сэтгэгдлийг нь хуваалцахад “Зүүн гарын их хаан, хувилгаан, төр шашны нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан энэ сайхан уран бүтээлийн хөгжмийг бичих завшаан надад тохиолоо. Би анх 2006 онд Галдан хааны талаар судалгаа хийж, 2008 онд “Галдан Бошигт хаан” нэртэй дөрвөн ангит симфони бичсэн юм. Мөн 2009 онд “Алтан намар” хөгжмийн наадамд энэ бүтээлээрээ анх оролцож тус наадмын Гран При шагнал хүртэж байсан юм. Тэгээд энэ симфони сюитээ цааш нь үргэлжлүүлж 2013 онд цомог гаргасан. Энэ жил туульсын дуулалт жүжгийн бүтээл болгон баяжууллаа” гэв. Энэ үеэр мөн жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан гавьяат жүжигчин А.Даваахүү “Хааны сүр хүчийг магтан дуулсан энэхүү дуулалт жүжигт миний бие тайлагдашгүй түүхийн гэрч болж байгаадаа маш их баяртай байна. Галдан бошигт хааны гал мэт дүрэлзэн асах сүр хүч, эх орон, газар нутаг, эв нэгдлийнхээ төлөө цогтой тэмцэгч энэхүү гайхамшигт хааны тухай уран бүтээлийг оюун санаандаа тунгаан бодож түүхийг үнэн зөвөөр урлагийн хэлбэрээр туурвин тавьж байгаадаа туйлын их баяртай байна” гэсэн юм. Ховд аймгийн хөгжимт драмын театрын урын санд төдийгүй Монголынхоо театр урлагийн өв санд шинээр мэндэлж буй эл дуулалт жүжигт СУИС-ийн тайзны яриа, ур чадварын багш, гавьяат жүжигчин Ч.Чаминчулуун, Ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, төслийн удирдагчаар СТА Б.Нямсүрэн нар ажилласан байна. Дэлхийн түүхнээ монголчуудын гурав дахь хүчирхэг төр улсыг байгуулсан их хаан Галдан бошигтын үнэн түүхийг судлаачид янз бүрээр үздэг бол өнөөг хүртэлх бүх цаг үеийн туршид олон нийтийг хамгийн их мэтгэлцээн өрнүүлж, их түүхээ эргэн сөхөхөд хүргэдэг давтагдашгүй хувь хүн, дэлхийн түүхэн цаг үеийн нэгэн онцгой фигур яах аргагүй Галдан хаан. Жүжгийг түүний мэндэлсний 370 жилийн ойн хүрээнд тайзнаа тавьж буй нь энэ юм.
Н.ПАГМА