Categories
мэдээ нийгэм

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодров

Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд бүсийн 64 багийн 500 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулсан юм.

Улаанбаатар бүсийн тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын баг тамирчид оролцсоноос нийлбэр дүнгээр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол зүүн бүсийн тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас нийлбэр дүнгээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүн байрт шалгарчээ.

Баруун бүсийн тэмцээнд оролцсон Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас тэргүүн байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлсэн бол Өмнөд бүсийн тэмцээнд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчдаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэгдүгээр байрт шалгарсан байна.

Харин хойд бүсийн тэмцээнд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцсоноос Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *