-МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА ЦАГААН САРЫН БӨХИЙН БАРИЛДААНД ГУРАВ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ-
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Битүүний өдрийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр нар гаран барилдсан билээ. Ийнхүү энэ жилийн сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихийн Хангай үзүүрллээ. Ийнхүү улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь удаагаа цагаан сарын барилдаан түрүүлж байна. Мөн аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа үзүүрллээ.
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа маш сонирхолтой үргэлжлэн явагдсан юм. Эл даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч барилдан өвдөг шороодсон бол улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад дахим өгсөн билээ. Хүчит бөхийн барилдааны тавын таваа хүртэл дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын начин Э.Даш нарын бөхчүүд өвдөг шороодсон. Харин улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр, өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нарын бөхчүүд дунд шөвөгт шалгаран үлдсэн билээ.
Их шөвөгт улсын харцага Цэдэвийн Содномдорж аймгийн арслан Оргихийн Хангайтай тунан барилдсан. Улмаар О.Хангай арслан харцага Содномдоржийг дотуур өхийлдөх мэхээр давсан. Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч баруун талдаа мордон давсан юм.
Тавын даваа. Улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нарын барилдааны сонирхолтой агшин