“Гайз” хамтлагийн дуучин О.Бат-Ундрах мансууруулах бодис тээвэрлэж явсан гэх хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа билээ. Тус хамтлагийнхан “Good luck” шинэ дууны клипээ танилцуулах үеэрээ О.Бат-Ундрахын талаар доорх тайлбарыг хийсэн байна.
“Хамтлагийн дотоод асуудал, тухайн хүний ажил амьдралын шаардлагаас болоод ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамтлаг маань гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэж мэдэгдэв.
“GUYS” ХАМТЛАГИЙН ДУУЧИН М.МЯГМАР: Х.БАТ-УНДРАЛ МААНЬ ӨӨРИЙНХӨӨ САНАЛ ХҮСЭЛТЭЭР АЖИЛ, АМЬДРАЛЫН ШААРЛАГААР ХАМТЛАГААСАА ГАРСАН
-Та бүгдийг хамтлагийнхаа гишүүний хар тамхины хэргийн талаар тайлбар хийх болов уу гэсэн шинэ уран бүтээлээ танилцуулахаар цуглажээ?
-Ямартай ч бидний өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийсэн учир маань энэ сэдэвтэй холбоотой. Гэхдээ гол зорилго нь шинэ уран бүтээлээ танилцуулах гэж цугласан. Манай хамтлагийн “Best of the Guys” цомогт багтсан шинэ уран бүтээл “Good luck” дууны клипийг энэ сарын 3-ны өдөр олон нийтийн хүртээл болгохоор тов зарласан тухай мэдээлэл хийхээр энд цуглаад байна. Энэхүү уран бүтээл маань өнөө цагийн залууст бахархан дууриах сэдлийг төрүүлэх, амжилт өөд уриалан дуудах, хийж буй ажил мэргэжилдээ итгэл урмаар дүүрэн байхыг хүсч уриалсан гэгээлэг сэдэвтэй уран бүтээл юм. Дууны клипэнд Монгол Улсынхаа нэрийг олон улсад болон дэлхийн тавцанд дуудуулж, амжилтаараа тэргүүлж чадсан салбар бүрийн залуус оролцон тоглосон.
-Х.Бат-Ундралын талаар тайлбар хэлэх болов уу?
-Манай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид өнгөрсөн хугацаанд гурван гишүүнтэйгээр Японд аялан тоглоод ирсэн. Ирээд мөн “The love” дууныхаа клипийг гурвуулаа хийсэн. “Good luck” дуу маань өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийх байсан боловч учир шалтгаантайгаар хойшилсон. Тэр нь Х.Бат-Ундралтай холбоотой мэдээлэл цацагдсан явдал юм.
-Ямар шалтгаанаар хамтлагаасаа гарав?
-Өнөөдөр бид “Guys” хамтлаг хэзээ гурван гишүүнтэй болчихов. Нэг гишүүн нь асуудалд орсноос болоод тухайн гишүүнээ жийлээ зэрэг хэл ам гарах вий гэдэг үүднээс мэдээлэл хийхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн маань өөрийнхөө санал хүсэлтээр ажил, амьдралын шаардлагаар хамтлагаасаа гарсан. Бид гурвын зүгээс найзыгаа болон тэр хүний хувийн асуудлыг хүндэтгэх үүднээс гурвуулаа л үлдсэн. Энэ асуудал хамтлагийн уран бүтээлтэй ямар ч холбоогүй.
-Хар тамхи зарсан, баригдсан, хоригдсон тухай мэдээлж байна. Энэ үнэн болов уу?
-Бид уран бүтээлийн их ажилтай байсан учраас баттай эх сурвалжаас мэдээллийг авч чадаагүй байна. Мэдээлэл авах гээд тодруулах гэж их явсан. Гэсэн ч яг баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд олдоогүй.