Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хохирсон талаарх мэдээллийг өнөөдрөөс эхлэн /2022.10.20/ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 дугаарын утсанд хүлээн авахаар болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажил дуусч байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 20 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд ердийн аж ахуй нэгжтэй адил журмаар хуулийн этгээд болж бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. E-Mongolia системээр бүртгүүлэх боломжийг нээж өгөхийг хүссэн. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн өндөр байна, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилтэй байна гэсэн. Тухайлбал, ашигт малтмалын лицензтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагаас гаргаж буй шийдвэр хүндрэл учруулж байна гэсэн. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг худалддаг ч газар дээр очихоор орон нутгаас ахиад газар эзэмших гэрчилгээ авах болдог. Үүнээс бол 2-3 жил хугацаа алддаг гэсэн. Бид энэ бүх бэрхшээлийг арилгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, даган гарах хуулиудыг өргөн барина.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Энэ талаар судалгааны түүврийг гаргаж байна. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудтай аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. Бид 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасан талаар олон нийтэд ил болгоно. Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ” гэсэн юм.