Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүд нийт ард түмний төлөөлөл мөн юм бол гадаадад амьдарч байгаа монголчууд өөрсдийнхөө төлөөллийг төрд сонгох эрхтэй. Яг дотроосоо шүү. Ийм жишиг манайхаас бусад улс оронд бий. Ялангуяа Европын холбооны орнуудад ийм тогтолцоо үйлчилж эхэллээ.
Монголын сонгуулийн тогтолцоонд хүн амын тоо, тэр дундаа сонгуульд санал өгдөг иргэдийн тоо тойрог бүр дээр харилцан адилгүй байна. Дэндүү гэмээр зөрүүтэй явж ирлээ. Эндээс л Их хурлын гишүүдэд нийгмийн зүгээс хандах сөрөг хандлага, улс төрчийнх нь үнэ цэнэ, элдвээр хэлэх эхлэл тавигдаж байгаа юм. 180 мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, 20 мянган сонгогчтой Багахангай дүүргээс сонгогдсон гишүүн хоёрын төлөөллийн хол зөрүүг юу гэж ойлгох уу. Хоёулаа төрийн эрх барих дээд байгууллагад адилхан эрхтэй байдаг. Орон нутагт гэхэд 128 мянган хүнтэй Хөвсгөл аймаг гурван мандаттай байхад, 72 мянган хүнтэй Хэнтийн аймаг мөн адил гурван мандаттай байна. Хэнтийн нэг гишүүн үсрээд 10 мянган сонгогчоос сонгогдсон бол Хөвсгөлийн нэг гишүүн дор хаяж 23 мянган хүний саналаар гарч иржээ. Энэхүү шударга бус тойргийн хувиарлалт Их хурлын гишүүдийн улс төр дэх байр суурийг улам ганхуулж байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага хэдүйн бий болжээ. Фортуна эд нарын ярьдаг шиг бэлгэдлийн тоо болох 99 гишүүн гэж яриад яахав. Гол нь мандатын тоог нэмж, сонгогчдын тоог тэнцүүлэх, тэгээд сонгуульд идэвхтэй оролцуулах тогтолцоо руу яаралтай оръё. Дээд, доод танхимтай болъё. Өнөөдрийн Монголд хамгийн зөв парламентийн тогтолцоо энэ байх. Ингэж гэмээнэ иргэд, олон түмэн засаг төрөө өөрсдийн гараар сонгож, өөрсдийн оюун ухаанаар байгуулж чадна. Сонгуульд иргэдийн саналыг дүүрэн өгүүлэх олон арга, технологи, бусдын туршлагууд бий. Зарим улсад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд урамшуулах, торгох хоёр арга хэрэглэдэг. Үүнийгээ бүр хуульчилдаг. Манайд алийг нь ч хэрэглэдэггүй. Австралид иргэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол 10 долларын торгууль төлдөг. Харин манай хөрш ОХУ-д сонгуульд шинээр оролцож байгаа иргэддээ Үндсэн хуулийн ном болон соёлын зүйлс бэлэглэдэг практик бий. Бид өөрийн онцлогтоо тохирсон сонгогчдын ирцийг нэмэх, идэвхжүүлэх арга олъё. Жишээ нь иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай нь холбож болно. Зээл, лизинг, бүр найман хувийн зээлтэй нь ч сонгуулийн саналын системээ уялдуулж болох юм. Зөвхөн сайн зохион байгуулалт л хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засагт ч хэмнэлттэй, дахин сонгууль явуулна гэж ч заваарахгүй.
Энэ дотроо харин эхэнд хэлсэн гол санаа болох гадаадад амьдарч буй 200 мянга гаруй иргэнийхээ сонгогдох эрхийг хуульчилж өгөх асуудал юм. Гадаадад суугаа монголчуудын хамгийн эмзэг хийгээд зайлшгүй эдлэх ёстой эрх бол төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгогдох эрх юм. Тэдний хувьд энэ эрх хамгийн хаагдмал эрх гэж хэлж болно. Мэдээллийн технологийн хөгжлийг даган өнөөдөр сонгуулийн бүх үйл ажиллагаа цахим технологи руу шилжиж байна. Европ, Америк, Азийн олон оронд интернэтээр саналаа өгдөг боллоо.
Гадаадад байгаа Монголын 200 мянга гаруй иргэн гэдэг бол АН аль эсвэл МАН-ын нийт гишүүдээс давсан тоо. Монголын бүх оюутнуудтай дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ. Хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сүүлийн сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг мэдээлсэн. Одоо тэдгээр иргэдийнхээ төлөөллийг төрд сонгодог болох талаар судлах ажлын хэсэг байгуулахыг В.Путин үүрэг болгосныг сонссон биз.
Монголын хүн ам гурван сая. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөхөн. Орос орон асар уудам нутагтай, олон сая хүн амтай, харьцуулахад гадаадад амьдарч буй иргэдийнх нь тоо цөөн ч гэсэн оролцоог нь хүндэтгэн үзэж байна. Гэтэл Монгол Улс нийт хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийнхээ төлөөллийг УИХ-даа оруулах талаар төсөөлөх ч үгүй байгаа нь харамсалтай. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Ингэхээр сонгуулийн хуульдаа гадаадад байгаа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийг онцгой тусгах цаг болжээ.
АНУ-ын Вашингтон хотод гэхэд одоо 10.000 орчим монгол хүн байна гэх. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон гэсэн үг. Нийт Америкт байгаа монголчуудын сонгуулийн насных нь иргэд манай нэг аймгийн сонгогчдын тоотой тэнцэж магадгүй. Энэ хүмүүс Мянганы сорилын сангийн санхүүжилтээс их мөнгийг улсынхаа эдийн засагт оруулж байна. Тухайлбал жилд 200-300 сая ам.долларыг бэлнээр Монгол руу илгээдэг. Ингэхээр зөвхөн АНУ-д гэхэд дор хаяж УИХ-ын хоёр мандат өгч болно. Их хуралд төлөөлөлтэй болсон Америкийн монголчууд маань наад зах нь тэндээ “Монгол таун” байгуулах ёстой. Америк дахь Монгол хорооллыг бий болгож Монголдоо байгаа юм шиг амьдрах хэрэгтэй. Америкийн хотуудад “Хятад таун”, “Солонгос таун”… олноор бий болж, тэндээс Америкийн нийгмийн хөгжлийн хөтчүүд хүртэл төрж гарч байна. Жишээ нь, Сан-Франциско хотын сүүлийн бүх удирдлагууд хятад иргэд байгаа. Энэ дэлхийн хамгийн нээлттэй, бүх орны иргэдэд тэгш эрх чөлөө, амжилт гаргах боломж олгодог Америк тивд бид Монгол Улсынхаа салбарыг нээе. Тэнд байгаа монголчуудаас УИХ-ын гишүүнийг сонгосноор Америкийн монголчуудаа бүгдийг нь нэгтгэж, бүртгэлжүүлнэ. Ингэж чадвал Америк руу визгүй зорчих боломж нээгдэнэ. Яагаад гэвэл тэнд байгаа монголчууд эмх цэгцэндээ орсон учраас.
Мөн монголчууд маш олноор ажиллаж, амьдарч байгаа БНСУ, Япон улсуудад УИХ-ын квот олгоё. Тэнд байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё. Бас тэнд “Монгол таун”-уудаа сүндэрлүүлье. “Өдрийн сонин” энэ дэлхийн халуун бүсүүдэд арал худалдаж аваад тэр рүүгээ өвлийн улиралд очицгоож байя гэж бичдэг сэдэвтэй энэ бүхэн агаар нэг юм. Америк, Япон, Солонгос… аль л хөгжилтэй орон бүрт “Монгол таун”-уудыг байгуулж, дуртай үедээ очъё. Ингэх хамгийн боломжит нөхцөл нь УИХ-д гадаадад байгаа монголчуудаа төлөөлөлтэй болгох. Энэ тийм боломжгүй зүйл биш. Өөрсдөөс маань шалтгаална. Эхний алхам нь хийгдсэн. Хэдхэн жилийн өмнө гадаадад байгаа монголчууд сонгуульд саналаа өгдөг болмоор байна хэмээн дуулиан болж байлаа. Өнөөдөр энэ эрх хуулиар олгогдож, ердийн зүйл боллоо. Одоо энэхүү сонгох эрхээ нэг шат ахиулаад төрдөө сонгогдох эрхийг нь хуульчилах.
Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл их сонирхолтой бүтэц шүү. Амьжиргааны түвшин дундаас дээш хүмүүс байгаа. Монголд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд нэг сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоно. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын хувьд мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаатай. Тэд илүү эв нэгдэлтэй, зорилго тэмүүлэлтэй Монголын хамгийн эх оронч масс гэж болно. Америкийн монголчууд аж төрдөг хот болгондоо “Монголчуудын холбоо” ажиллуулдаг, бас сонин, ТВ, вэб сайт гээд хүчээ нэгтгэсэн, хамтарсан нэгж, цэгүүд олонтой. Гадаадад байгаа 200 мянга гаруй монголчуудад одоо улс төрийн нам байгуулах л дутуу байх шиг. Бусад бүх нөхцөл нь бүрджээ. Тийм болохоор тэдэндээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь олгох цаг болжээ.
Хэдүй болтол “Хэдхэн хүнээс сонгогдсон муу УИХ-ын гишүүн” гэж энэ муу хэдээ дооёолох маягтай суух вэ, УИХ-ын суудлын тоог нь нэмье, сонгогчдынхоо оролцоог онцгой сайжруулъя.