Гадаадад санал өгөхөөр салбар комисст нийт 7374 иргэн бүртгүүлснээс хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгүүлээд байна.
Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дуусчээ. Иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ, БНЭУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан юм. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан бол энэ удаад 1000 гаруй иргэн илүү бүртгүүлжээ.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр 07:00-22:00 цагт авах юм.