Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадаас ирсэн үхрийн мах кг нь 450 мянга бол монгол үхрийн мах 5500 төгрөг байна

ИЛЛЭГ ХИЙЛГЭЖ, ШАР АЙРАГ УУДАГ ВАГЮ ҮХЭР

А зэрэглэлийн “Wagui” буюу Вагю үхрийн махыг захиалгаар нийлүүлнэ гэсэн зар олон нийтийн сүлжээнд тавьжээ. Энэ мах нь дэлхийд хамгийн алдартай бөгөөд үнэтэй нь. Вагю үхрийг Японд л үржүүлдэг байснаа сүүлийн үед Австрали, Европ, АНУ-д тэжээдэг болсон гэнэ. Вагю нь хар, саарал, шортгорн, эвэргүй гээд нийт дөрвөн төрөл байдаг. Түүнээс хар үүлдрийн үхрийн мах нь хамгийн сайнд тооцогддог бөгөөд олон давуу талтай.

Хамгийн гол нууц нь үхрийн арчилгаа, өгч буй тэжээлд байдаг гэнэ. Вагюг тугалласан мөчөөс нь эхлээд тусгай хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн байдлыг нь байнга нарийвчлан хянахаас гадна үр тариагаар тэжээж, шар айраг өгч, үе үе биед нь массаж хийнэ. Өөх, мах нь алагласан, булчингийн төдийгүй мах нь ихэд зөөлөн байдгийн нууц нь үүнд байдаг. Уг нь бол вагю үхрийг сайн бэлчээж байх ёстой гэнэ. Гэвч Японд газар нутаг багатай тул ингэх боломжгүй. Байнга хашаанд байлгаснаас үхрүүдийн хоолны зуршил нь муудаад байсан тул шар айраг ч өгдөг болжээ.

Вагю үхрийг IX зууны сүүлчээр япон, европ, америкт тэжээдэг үхрүүдийг хооронд нь хээлтүүлж гарган авсан. Өөх нь махныхаа завсарт суусан байдгаас гадна өөх нь түүний биед холестерин үүсгэдэггүй, бас таргалуулдаггүй. Сайхан амттайгаас гадна шүүслэг. Өнгөрсөн жил Лондон хотноо болсон “World Steak Chal¬lenge” олон улсын тэмцээний үеэр Австралид үржүүлсэн вагю үхрийн махан стейк нь шилдгийн шилдгээр шалгарсан байна.

Манай улсад өнгөрсөн зунаас эхлэн “Family Meat” компани нь захиалгаар Японоос вагю махыг оруулж ирдэг болжээ.

Ингээд тус компанийн захирал Б.Ууганболдоос зарим зүйлийг тодруулсныг сонирхуулъя.

-Вагю үхрийн мах нь нэлээд үнэтэй юм байна. Түүнийг Монголд оруулж ирэх санаа хэзээ төрөв?

-Тиймээ нэлээд үнэтэй. Япондоо бол нэг килограмм нь 800-2500 ам.долларын үнэтэй байдаг. Харин манайд харьцангуй хямд зарж байгаа. Манайх судлаад оруулж ирэх болсон. Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр гэж болно . Японоос хэдхэн килограмм мах авч ирэхэд жаахан тийм байна гээд оруулж ирж борлуулах саналыг бидэнд тавьсан юм.

-Танайхаар ямар хүмүүс үйлчлүүлдэг гэдгийг та хэлмээргүй байна гэсэн. Тэгвэл ойролцоогоор хэдэн компани, хувь хүн захиалга өгдөг вэ?

-Ихэнх нь хувь хүмүүс захиалдаг. Ойролцоогоор арван гэр бүл байнга захиалдаг.

-Японоос ирж байгаа нислэг болгоноор мах ирдэг гэж та ярьсан. Нэг долоо хоногт хэдэн килограмм мах авчирдаг вэ?

-Ойролцоогоор 40-50 кг мах авчирдаг.

-Хар вагю нь чанарын хувьд хамгийн сайн нь гэсэн. Шүдгүй хүн ч идэж болдог гэсэн?

-Хар вагюг Японы цасан үхэр гэдэг. Мах нь аманд ороод цас шиг хайлдаг гэсэн үг. Ер нь бол өдөр болгон хүнсэндээ хэрэглэдэг мах биш шүү дээ. Амралтын өдрөөр, найз нөхөдтэйгээ уулзахдаа л иддэг. Тиймээс ч худалдаж авсан хүмүүс нь мэргэжлийн тогоочоор шаруулж иддэг юм.

-Танайх махаа аль дэлгүүрээр борлуулдаг вэ?

-Зайсанд байрлах Гэрэлт хотхон дахь “Fresh Markеt” супермаркетаас авч болно.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХАД ҮХРИЙН МАХ 5000-5800 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Үүрийн дөрвөн цагаас эхлэн хөл хөдөлгөөнд дарагддаг “Хүчит шонхор” захаар орж, махны үнийг сонирхлоо. Энэ үеэр махны бөөний худалдаа эрхлэгч Ц.Гантөгс ярихдаа “Үхрийн махны бөөний хамгийн дээд талын үнэ 4000 төгрөг гэж байна. Чанараасаа шалтгаалж үнэ хэлбэлзэнэ. Мал дотроо эр, эм, бяруу шүдлэн гэх зэргээр ангилдаг. Энэ байдлаас хамаарч үнэ нь жаахан жаахан ялгаатай байдаг. Харин хонины махны бөөний үнэ 2500-3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ямааны мах 2500-2600 төгрөг. Одоо идэш бэлдэх цаг нь болсон. Иргэдийн худалдан авалт түрүү жилийнхээс тааруу байгаа. Үйлчлүүлэгчид махны чанар таньж авч чаддаг. Хэрэглээгээ бодож, их сайн үзэж авдаг шүү” гэв.

Ингээд зах руу ороход үхрийн мах жижиглэнгээр 5000, 5300, 5500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин гадаа контейнерт үхрийн мах нэг килограмм нь 5300, 5500, 5800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан юм.

Махны худалдаа эрхлэгч Х.Цэцгээ “Үхрийн махыг бид 3500 төгрөгөөр авдаг. Ингээд шулж жижиглэн 5500 төгрөгөөр зарж байна. Өдийд хүмүүс идэшээ бэлтгэнэ гээд л зах зай завсаргүй байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр сийрэгхэн. Ер нь үйлчлүүлэгчид долоо хоног, сарын хэрэглээгээ л авдаг болсон. Иймээс худалдан авалт, борлуулалт түрүү жилийнхээс муу байна. Ноднин, уржнанг бодвол энэ жил мах их хэмжээгээр бэлтгэсэн. Махны үнэ ханш хямд байна. Цалингаас цалингийн хооронд амьдрал өрнөж байна. Улс орны хөгжлийг чиглүүлж явдаг төр засгийн бодлогыг тодорхойлогчид зөв алхам, шийдвэр гаргаж байгаасай. Албан тушаал, нэр хүндийн төлөө битгий их хөөцөлдөөч. Энгийн ард иргэдийнхээ төлөө, олон нийтийн эрх ашгийг бодож, ухамсартай байгаарай гэдгийг хэлье” гэж байлаа.

Иргэн Б.Аюуш “Махны үнэ гадуур янз бүр л байна. Тухайлбал, Баянзүрх зах дээр үхрийн мах 5500-5800 гэж байна. “Хүчит шонхор” захаас бөөний үнээр нь авчихвал арай хямд байдаг. Эндээс мах, гурил, төмс ногоо авдаг юм. Заримдаа өөр захаас авах шаардлага гарна. Үнийн хувьд ярьж байгаад л авдаг даа” гэж байв.

Харин хонины мах кг нь 3100, 4000, 4200, 4500 төгрөг бол адууны мах 4800 гэж байна. Зарим худалдаа эрхлэгчид худалдан авалт их муу ч биш. Дундаж байна гэдгийг ч хэлж байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Б.УРАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *