Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гадаадаас Ерөнхий сайд урья

Эрх баригчдын булай ЖДҮ-ээр жинхэнэ дэвэрч байна. Арай зарчимтай, эрүүл сэтгэдэг цөөхөн гишүүний тоонд багтдаг Ж.Энхбаяр хүртэл жирийн иргэдийн авах ёстой бага хүүтэй зээлийг булаасан болж таарав. Зээл авсан нь мэдэгдсэн хойно ёс зүйгээ бодоод толгой бөхийж уучлал гуйх болов уу гэтэл мань эр тэгсэнгүй. “Зээлээ буцаагаад төлчихлөө, уг нь зөв бизнест зарсан” гэх маягийн үг унагаж хөндлөнтлөө. Ганц Ж.Энхбаяр ч биш л дээ. “Мон уран”-ы Б.Наранхүү өнгөрсөн пүрэв гаригт “ЖДҮ-ээс зээл авсан дүүгийнхээ зээлийг төлчихье. Хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй юм байна. Нэмээд хоёр тэрбумыг өгнө өө” гэсэн даажинтай мэдэгдэл хийж гайхаш барав. За тэгээд ЖДҮ-ээс эхнэр нь зээл авсныг “мэдэхгүй” манаргаж явсан Я.Содбаатар, хүүгийнхээ авсан зээлд огтхон ч гэмшихгүй сэтгүүлчдийг загнаж зогссон Н.Оюундарь гэж ирээд яривал ард түмнээсээ хоолыг нь булааснаа юман чинээ бодохгүй яваа гишүүд олон байна. Том бизнес эрхэлдэг чинээлэг гишүүдэд зүй ёсоор багтах “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, чихрийн зах зээлийг атгадаг О.Батнасан, “Их засаг”-ийн Ц.Ням-Осорын хүү Н.Учрал, шаазангийн үйлдвэртэй Г.Солтан хүртэл жижиг дундын зээл рүү гараа дүрэхээр олны жигшил зэвүүцэл халихаас яахав. ЖДҮ-ээс хулгай хийсэн гишүүдийн нэрс Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайдын суудлаа саяхан өгсөн Д.Батзориг гэх мэтээр хөвөрнө. Өмнө нь гишүүн байсан эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй эрхмүүд болон ойр дотныхон нь ч ЖДҮ-ийн жагсаалтыг зузаатгаж байна. Сонгодог жишээ нь Монголын толгой баяны нэг АПУ-гийн Г.Батхүүгийн хамаатнууд.

Улс төрийн өндөр албан тушаалтнууд хуйгаараа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зүй бус хулгай хийсэн нь олонд дэлгэгдсэн учраас Засгийн газар огцрохдоо тултал асуудал хурцдаж байна. Хулгайлж хумсалсан гишүүд нь хүний урманд гэмших ч үгүй яваа болохоор “Төрийн тогтвортой байдал чухал, эдийн засгаа бодоод засгийг унагахгүй байя” гэж хэлэхэд хэцүү. Шударга ёс, хэм хэмжээ, ёс зүй талаас нь харсан ч тэр, өөрсдийг нь сонгож гаргаж ирсэн иргэдийн амьдрал ахуйгаа өөд татах ёстой мөнгөний дийлэнхийг нийлж суугаад завшсан гэх өнцгөөс анзаарсан ч тэр зүгээр өнгөрөөх асуудал хэтээсээ биш.

Тэгэхээр яаж ч бодсон энэ засагт унахаас өөр гарц үлдээгүй. У.Хүрэлсүхийн дараа хэн Ерөнхий сайдаар томилогдож, засаг толгойлох вэ гэсэн асуултын хариу олны анхааралд хэдийнэ орчихсон. Ер нь засгийн толгой, улсын удирдагч ямар байх ёстой вэ? Яг өдийд ийм асуултыг өөрсдөдөө тавимаар байна. Учир нь энэ засгийн тэргүүн хэн болохоос ЖДҮ улгүй арилж, шинэ цагийн салхи сэвэлзэх эсэх нь шийдэгдэнэ. Өмнөхөөсөө ялгаагүй хүн засаг удирдаад эхэлбэл ЖДҮ-гээс дор юм болох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл.

Ард түмэн ууртай, чадалтай хүнд итгэдэггүй, удирдагчаа гэж хардаггүй. Ур чадвартай, зэвсэгтэй хүнд ч талтай ханддаггүй. Ийм хүн ууртай, чадалтайгаа бодвол хэсэгхэн хугацаанд төр барьж дөнгөх байх. Гэхдээ нийт нийгмээс удирдагч гэсэн үнэлгээ авч чаддаггүй. Ард түмэн нэг л чанарыг эрхэм болгосон хүнийг удирдагчаа гэж үнэлж, дуртайяа удирдуулдаг. Хүн төрөлхтний түүхийн шарласан хуудсуудыг эргүүлээд харахад шударга, ёс зүйтэй, ухаалаг, өндөр боловсролтой, эр зоригтой удирдагч л түмнийхээ итгэлийг хүлээж, улсаа өөд нь татсан байдаг.

Ийм үнэлэмжээр цэгнэж, жинлээд харахаар манай хэд дунд лав жинхэнэ удирдагч алга. Овоо шударга гэж харагддаг нь хүртэл ЖДҮ авчихаар иргэдийн итгэл шалдаа унахаас өөр яах ч билээ. Төрийн ордонд, яамдын өрөөнд тухалсан гишүүд, сайд нарын нийтлэг зураг их гунигтай. Хор найруулдаг, хувиа бодсон, хүн монжсон, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэсэн чин сэтгэл, үнэ цэнийн хэлтэрхий ч үгүй нь нуугаад байх зүйл биш.

Дараагийн Ерөнхий сайд хэн болох тухай яриа хөөрөө үүссэн ийм үед гарц гаргалгаа харагдахгүй байгаа нь цаанаа ийм учиртай. ЖЗҮ-чид, тендерчид, төсөл гацаагчид, шантааж хийгчид, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлүүд үүрлэсэн шаргал ордноос хэн ч Ерөнхий сайд болсон адилхан санагдаад байх юм. Улстөрчид дунд нь Засгийн газар тэргүүлчихээр лидергүй болсон өнөө цагт олон хүнд “Болдог бол гадаадаас Ерөнхий сайд урьж авчирч, улсаа хөгжүүлэх юмсан” гэсэн бодол төрж суугаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Арга ядсан, цөхрөнгөө барсан хүний санаа хаашаа чиглэдэг билээ, гадагшаа, харь хамаагүй, сайн сайхан яваа бүхэн рүү тэмүүлдэг. Цаг хугацааг ухраагаад харахаар хүүхдийн сүүний мөнгийг танаж ээжүүдийн дургүй зэвүүг хүргэж, нийт иргэддээ элдвээр хэлүүлж байж Английг босгосон төмөр хатагтай Маргарет Тетчерийн түүх байна. Тухайн үед нь элдвээр хэлж байсан ч өнөөдөр бол тэр англичуудын хүндэтгэн дурсдаг удирдагч. Харин манай удирдагчид эсрэгээрээ. Уул уурхайг дэмжсэн үг унагаж болохгүй, дэмжсэн үг унагаж, дэмнэсэн үйлдэл хийвэл ирэх сонгуулиар өөдийн нар харахгүй гэж сэтгэдэг нь дэндүү олон. Ингэж харж, хандсаныхаа хүчээр УИХ-д гурваас таван удаа сонгогдсон улстөрч нэг биш нэжгээдээр тоологдоно. Ард түмний дургүйг хүргэсэн үг хэлчихвэл суудлаасаа уначихна гэсэн жижигхэн бодолтой улстөрч олширсон нь гашуун ч гэлээ бодитой үнэн.

Английн тухайд хөгжил нь маниасаа хэтэрсэн өндөрлөгт байсан, бидэнтэй харьцуулах аргагүй гүрэн энэ тэр гэсэн тайлбар хэлж болно л доо. Тэгвэл намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг бүү хэл ундны ч усгүй Сингапурыг Английн цэргүүд орхиж гарч байсан үеийг жишээ татъя. Ийм газрыг хөгжүүлж чадсан хүн нь Ли Куан Ю. Энэ эрхэм Сингапурын домогт Ерөнхий сайд гэдгээрээ дэлхийд алдартай. Ноён Лигийн ачаар Сингапур дэлхийн хамгийн баян орнуудын нэг болж чадсан юм. Коммунист, капиталист алинаар нь ч биш хэрнээ хөгжлийн өндөрлөгт хүрч чадсан өвөрмөц загвар гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийд улсаа улс шиг авч яваа өнөө цагийн удирдагчид гэвэл мөн л тоо томшгүй. Явуулдаг бодлогоосоо гадна амьдралын хэв маягаараа түмэндээ үлгэр болсон удирдагчдын жишээ дэлхийгээр дүүрэн. Тэдний нэг нь Нидерландын Ерөнхий сайд Марк Рути. Өглөө бүр 10 км газарт дугуй жийж ажилдаа ирдэг сайд албаны машинаа зараад эмнэлэгт хандивлачихсан гэж байгаа. Ерөнхий сайд нь дугуйгаар ажлаа амжуулдаг Нидерланд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 16-д бичигддэг. Яалт ч үгүй хүчирхэг, аварга эдийн засагтай улс. Ингээд ч зогсохгүй аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Ийм улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг хэрнээ “Би улсаа хангалттай хүчирхэг, иргэдээ боломжийн чинээлэг түвшинд хүрээгүй гэж боддог” гэж ярьсан удаатай. Нидерландын сайд дугуйтай юм чинь та нар хотын утаан дундуур хахир өвлөөр дугуй жий гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л үг, үйлдэл бүрээс нь улс орныхоо эрх ашиг, иргэдийнхээ амьжиргааг бодсон халуун сэтгэл, шударга хандлага, өндөр ёс суртахуун ханхалсан удирдагч үгүйлэгдэж байна гэж л хэлэх гэсэн юм. Тийм учраас гадаадаас Ерөнхий сайд урихаас өөр гарц алга гэх гээд байна. “Шуналаа дийлдэггүй, аминчхан, улсаа боддоггүй, иргэдээсээ хоолыг нь булааж иддэг төрийн түшээд дундаасаа сайн Ерөнхий сайд хайгаад олдоггүй ээ, улсаа хөгжүүлсэн туршлага, чадвартай хүн урьж ажиллуулъя” гэсэн санал хүлээж авдаг газар байдаг бол улсаараа хандмаар тийм л хэцүү цагт бид аж төрж байна. Мэдээж хаана ч тийм жишиг, түүх байхгүй. Гэхдээ ийм сэдэв сөхөхөөс аргагүй нөхцөл байдал үүсчихсэнийг бултаараа хүлээн зөвшөөрчихөөд байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *