Цар тахлын улмаас 40 мянга гаруй иргэн эх орондоо ирсэн байна. Тодруулбал, Covid-19 дэгдсэн үе буюу 2020 оны нэгдүгээр сараас энэ оны долдугаар сарын 4-нийг хүртэл 93 орноос 40492 иргэнийг тусгай үүргийн болон тогтмол нислэгээр татан авчээ. Үүнээс 211 удаагийн тусгай үүргийн нислэгээр 33480 иргэн эх орондоо ирсэн бол ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 хүнийг татан авсан байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн зургадугаар сарын 1-нд олон улсын агаарын хилээ нээснээр тусгай үүргийн онгоц тогтмол нислэгийн хуваарьт шилжээд байгаа юм. Өнгөрсөн сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэн эх орондоо ирсэн байна. Энэ сард 31 удаагийн нислэгээр 4900 хүн гадаадаас нутаг буцахаар төлөвлөжээ. Харин гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт ороогүй болохыг Улсын онцгой комиссоос мэдээлж байгаа юм.
Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа иргэд нь вакцины хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, сүүлийн дөрвөн сарын хугацаанд Covid-19-өөр өвдөж эдгэсэн, түүнийг нотлох бичиг баримттай эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчиж яваа 18 хүртэлх насны хүүхдийг тусгаарлах байранд тусгаарлахгүй. Гэрийн ажиглалтад 14 хоног шилжүүлэх юм. Харин вакцины бүрэн тун аваагүй, вакцинд хамрагдаагүй, хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоног болоогүй иргэд тусгаарлах байранд долоо хоног ажиглалтад шилжих юм байна.