Гадаад валютын албан нөөц 2023 оны 2 дугаар сард 3 тэрбум 394 сая 730 мянган ам.доллар болж, өмнөх сараас 4.63 хувиар буурсан байна. Харин оны эхнээс 0.14 хувь, жилийн өмнөхөөс 7.87 хувиар буурчээ.
Сануулахад, энэ оны 1 дүгээр сард гадаад валютын албан нөөц 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн юм.
Монголбанк энэ оны нэгдүгээр сард есөн удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн бол хоёрдугаар сард долоон удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, нийтдээ 310 сая ам.доллар нийлүүлсэн.
Тэгэхээр оны эхний хоёр сард нийтдээ 635 сая ам.долларын интервенц хийгээд байгаа юм.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
Тодотгоход, энэ сард эхлэх хаврын чуулганаар эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг хэлэлцэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой” гэсэн юм.