Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортны бэлдэцийг ХБНГУ-аас авахаар болжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар (УБОӨГ)-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгчээ.

УБОӨГ -т өнөөдрийн байдлаар 250 гаруй хүн ажиллаж, өдөрт 500 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт авсан нь өмнөх оноос 30.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнтэй холбоотойгоор тус газрын гадаад паспортын бэлдэц дуусч байгаа юм байна. ХБНГУ-аас гадаад паспортын бэлдэц тун удахгүй ирэх тул хэвийн олгох боломжтой гэдгийг тус газрын удирдлагууд сайдад уламжиллаа.

Мөн иргэний бүртгэлийн архиваар өдөрт 400 орчим иргэн үйлчлүүлж, лавлагаа авдаг бөгөөд архивын баримт материалыг хадгалах байр савны хүрэлцээ хангамж тааруу байгаа гэв. Түүнчлэн улсын хэмжээнд хаягийн зөрчлийг цэгцлэх, Иргэний бүртгэлийн хуулийг шинэчлэх шаардлага бийг ч хэлсэн.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгасан байна.

Б.МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *