Categories
мэдээ цаг-үе

Гадаад паспортын сунгалтыг зогсоосон нь Иргэний бүртгэлийн газрын ачааллыг эрс нэмэгдүүлжээ

-ИРГЭД ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР ЗАХИАЛАХЫН ТУЛД 3-4 ЦАГ ДУГААРЛАЖ БАЙНА ГЭВ-

Он гарсаар энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон. Үүнээс болж Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газарт шинээр гадаад паспорт авах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж сурвалжиллаа. Гадаад паспортоо сунгуулах, шинээр авах гэсэн иргэдийн тоо зун буюу аялал зугаалгын үед эрс нэмэгддэг. Гэвч энэ он гарсаар Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн хөлд дарагджээ. Ачаалал их байгаагийн улмаас иргэдэд үйлчлэх албан хаагчид цайны цагаараа хүртэл ажиллаж буйгаа хэлсэн юм. Өмнө нь ийн ачаалалтай үед цагдаагийн байгууллагаас хамгаалалт хүсэж байсан тохиолдол бий. Цаашид гадаад паспорт авах гэсэн иргэдийн тоо нэмэгдсээр байвал цагдаагийн хамгаалалт хүснэ хэмээн албаны хүмүүс ярьж байв. Хүчний байгууллагаас хамгаалалт хүсэхдээ тулсан гэхээр энэхүү байгууллагаар ямар их хүн үйлчлүүлж, ачааллыг нь нэмэгдүүлж байгаа нь тодорхой юм. Шинээр гадаад паспорт авах гэсэн иргэд өглөөний 9:00 цагт ирж, дугаар аван хүлээсээр 12 цагийн үед үйлчлүүлж байна хэмээн тэнд цугларсан иргэд ярьж байв. Харин өдөр ирсэн иргэд үдээс хойш, зарим нь бүр орой ажил тарах үед үйлчлүүлж байна гэлээ.

Ингээд бодохоор гадаад паспорт захиалахын тулд 3-4 цаг орчим оочерлох шаардлагатай болох нь. Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газрын байрны үүдээр ороод л зай завсаргүй хүмүүс дугаарлаж, тус газар хар зах шиг л болсон байв.

Ч.ДАШНЯМ: ГАДААД ПАСПОРТАА ЭНГИЙНЭЭР ЗАХИАЛАХ ИРГЭД ЗУУН АЙЛЫГ ЗОРЬЖ, ООЧЕР ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Ачаалал өндөр байгаа учраас иргэд, ажилчдын дунд багахан маргаан ч гарч байсан юм. Нөхцөл байдал яагаад ийм болсон, цаашид ямар арга хэмжээ авснаар иргэдийн ачааллыг буруулж болох талаар тус газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас тодрууллаа.

-Гадаад паспорт авах гэсэн хүсэлтэй иргэд их байна. нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Ажил их байна. Би нэг минутад найман иргэний паспорт дээр гарын үсэг зурдаг. Өдөрт 1300 гаруй паспорт дээр гарын үсэг зурж байна. Чамтай ярих хугацаанд тэр хэмжээний гарын үсэг зурчихна шүү дээ. Яагаад ачаалал эрс нэмэгдсэнийг иргэдээс асуу л даа. Ер нь ийм байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 94 дүгээр тогтоол гарсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, үндэсний хэмжээнд гадаад паспортын сунгалтын үйл ажиллагааг зогсоох тухай юм. Үүнийг үндэслэж Оюуны өмч, иргэний бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон.

-Сунгалтыг болиулснаас болж, ийн хүндрэл гарсан хэрэг үү?

-Ачаалал өссөн нь хэд хэдэн зүйлээс болсон. Нэгдүгээрт, гадаад паспортын сунгалт хийлгэдэг иргэд шинэ паспорт авч байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь сунгалт хийлгэдэг байсан 300 гаруй иргэн, шинээр гадаад паспорт авч буй 800 гаруй иргэдийн тоон дээр нэмэгдсэн гэсэн үг. Тийм учраас өдөрт 1300 иргэн гадаад паспорт авч байгаа болохоор ачаалал ихсэх нь аргагүй юм.

-Шинэ загварын паспорт гаргах гэж байгаа болохоор сунгалтыг болиулсан хэмээн үзэх иргэд ч байна…

-Энэ бол буруу ойлголт шүү. Гадаад паспорт шинээр хэвлэгдэн олгогдож байгаа болохоос биш бүр шинэ загвартай паспорт гаргасан юм биш. Дахин хэлэхэд гадаад паспортын сунгалт хийлгэлтийг л зогсоосон.

-Нийслэл хотод гадаад паспорт захиалах ямар газрууд байна. тэрхүү салбарт ачаалал мөн адил байгаа юу?

-Оюуны өмч, иргэний бүртгэлийн газрын төв байранд л ачаалал их байгаа. Бусад салбаруудад ямар ч ачаалалгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Заавал “100 айл”-ын түгжрээн дундуур явсаар манайхыг зорих шаардлагагүй шүү дээ. Гадаад паспорт ажлын арав хоногт гардаг. Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол нэгдүгээр байранд очиж захиална. Тиймээс иргэд та бүхэн гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд Зуун айлыг зорьж, оочер дараалал үүсгэж, ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна.

-Орон нутгийн салбаруудад ачаалал их байгаа юу?

-Орон нутагт ч ялгаагүй ачаалал нэмэгдсэн.

-Цаашид иргэдийн ачааллыг хэрхэн буруулах ёстой юм бол?

-Энэ ачаалал бол түр зуурынх гэж хэлмээр байна. Учир нь иргэд гадаад паспортын талаар ташаа ойлгосноос болсон. Сунгалт зогссон учраас эхний ээлжинд иргэдийн ачаалал өндөр байх нь аргагүй. Харин цаашид гадаад паспортоо сунгуулдаг иргэд шинэ паспорттой болсноор энэхүү ачаалал хэвийн түвшиндээ очих болно. Хэвийн түвшинд очихын тулд тийм ч их хугацаа шаардагдахгүй болов уу.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ МӨРДӨХИЙН ТУЛД ГАДААД ПАСПОРТЫН СУНГАЛТЫГ ЗОГСООСОН ГЭВ

Албаны хүмүүсийн ярьж буйгаар сунгалтыг зогсоож, шинэ загварын паспорт олгож эхэлсэн гэх буруу мэдээллээс болж иргэдийн ачаалал ихэссэн гэнэ. Тэгвэл сунгалтыг болиулж шинэ паспорт олгож байгаа нь цаанаа далд бизнес явагдаж байгаа гэх иргэд ч байсан юм. Яагаад гадаад паспортын сунгалтыг зогсоосон талаар Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын эхээр иргэдийн ачаалал их байсан. Харин өчигдрөөс иргэдийн ачаалал буурсан харагдаж байна. Гадаад паспортын сунгалт зогссон өдрөөс эхлээд өчигдрийг хүртэл бид өглөө 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгвэл өчигдрөөс энэ тоо 300 руу орсон байна лээ. Энэ бол хэвийн түвшинд очсон гэсэн үг. Сунгалтыг зогсоосон нь ийм учиртай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2004 онд гишүүн орнууддаа машинаар уншигддаггүй аяллын бичиг баримтыг эргэлтэд гаргах тухай тунхаг бичиг гаргасан байдаг. Манай улс энэхүү байгууллагын гишүүн орон. Тиймээс Засгийн газраас 2010 онд 289 дүгээр тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрт гадаадад зорчих бичиг баримттай холбоотой хоёр заалт орсон байдаг. Үүнд гадаад паспортыг иргэдэд олгохдоо олон улсын стандартыг мөрдөнө гэж заасан. Улмаар өнгөрсөн онд Засгийн газраас үүнтэй холбоотой тогтоол гарснаар энэ онд гадаад паспортын сунгалтыг зогсоосон байгаа. Гэхдээ сунгалтыг зогсоосон өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн иргэний гадаад паспортын хугацаа хүчинтэй хэвээр байх юм. жилээс жилд монголчууд гадаадад зорчих хөдөлгөөн 10-15 хувиар өсч байдаг. Тэгвэл 2017 онд энэхүү тоо 28 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсан. Улмаар энэ оноос сунгалтыг зогсоочихоор шинээр гадаад паспорт авах иргэдийн тоо өсөх нь тодорхой юм. Мөн гадаад паспортын үнэ хураамж, үйлчилгээний хугацаанд ямар ч өөрчлөлт ороогүй. 2010 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан журмаар л өдийг хүртэл явж байна” гэлээ. Энгийн гадаад паспорт таван жилээр захиалбал 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэх энэхүү журам хэвээр байгаа ажээ. Мөн бүрдүүлэх бичиг баримтад ямар нэгэн өөрчлөлт ороогүйг албаныхан онцлон хэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *