Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн гадаадад байгаа монголчуудын саналыг дөрвөн хоног буюу зургадугаар сарын 20-23-нд тухайн орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд авах юм.
Гадаадад байгаа монгол иргэд сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-наас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ өгнө.
Ингэхдээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
- https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
- https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
Улмаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.