“Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагын хэрэгжилт, хүний нөөцтэй холбоотой цаг үеийн асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын ЗУГ-ын дарга Б.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шүүр ажиллагааны хүрээнд 1,445 гаалийн улсын байцаагч, төрийн үйлчилгээний 465 гаалийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлтийн материалыг шалгалаа. Ингэхэд төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61, тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагч байна.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдгээр иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд тэнцвэл эргээд гаалийн байгууллагад ажиллаж болно. Харин тусгай шалгалт өгөөгүй 88 албан хаагчаас бид төрийн тусгай шалгалт авах бололцоотой.
АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг засаж залруулах шаардлага ирсэн. Энэ дагуу 20 орчим гаалийн улсын байцаагчид арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан.
Гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэхээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргана. Урт хугацааны гэдэг нь 3-5 жилийн төлөвлөлт. Дунд хугацааных 2025 он хүртэлх төлөвлөлт.
Богино хугацааны төлөвлөлт гэдэг нь 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаа учир энэ ондоо багтаан хийх ажил юм” гэсэн мэдээллийг өглөө.