УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ.
тэрбээр “Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн.
Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий. Үүнд,
Нэг. Эдийн засгийн реформ
- Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.
- Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль
- Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль
Хоёр. Нийгмийн бодлогын реформ
- Боловсролын багц хууль
- Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль
- Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль
Гурав. Засаглал улс төрийн реформ
- Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль
- Авлигатай тэмцэх багц хууль
Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Энэ нь инфляцад дахиад зургаан хувиар нөлөөлөх тооцоолол гарч байна.
Энэ амаргүй үед эдийн засгийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдийн засгийн реформыг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах багц хуулиас харвал хүн амын амьжиргааг дээшлүүлэхийн тулд валютын ханшаа тогтворжуулах ёстой. Нэг тэрбум ам.доллароор валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд нэг их наяд төгрөгийн экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Энэ зорилгоор төсөвт суулгасан хүүгийн татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүхнийг экспортод шилжүүлнэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно” гэв.