Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газрууд болох ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Уг даалгаврын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Тус даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ” гэж онцолсон юм. Мэдээллийн эхэнд тэрээр “Сүүлийн үед бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа асуудлаар улсын хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзлэг, шалгалт явуулахыг холбогдох газруудад даалгалаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг мөн холбогдох яамдын сайд нарт үүрэг чиглэл өглөө” гэж тодотгосон юм.
Мөн тэрээр “Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт хийж шаардлагатай тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ авахыг даалгаж байна. Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгана. Хэрэв үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллах болно. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
Хүүхдийн орчинд тогтоосон хязгаарыг давж байрлах баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг хааж замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ.