Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар орон нутагт ажиллах анхны томилолтоо төрсөн нутаг Баянхонгор аймгаасаа эхлүүллээ.

Түүнийг аймгийн төвийн “Тусгаар тогтнолын талбай”-д Засаг дарга Г.Батжаргал болон тус аймаг дахь цэргийн хүрээний анги, хууль хүчний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтав.

Тэрбээр эхлээд аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзсан юм. Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид ард түмэндээ үйлчлэх цорын ганц үүрэгтэй. Үүний тулд сэтгэл гаргаж л ажиллах шаардлагатай байна. Ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Тиймээс би та бүхэнд ард түмэн юу хүсэж байгааг мэдэрч, олныхоо төлөө гэсэн сэтгэл дээр зүтгэл нэмж ажиллахыг үүрэг болгож байна. Дарга царайлж, ажил хийсэн дүр үзүүлж суухаа больё. Бие биедээ шаардлага тавьдаг, иргэний хүсэлт, саналд эн тэргүүнд анхаарч, заавал хариу өгдөг, шуурхай үйлчилдэг больё.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан. Иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхэн манлайлж ажиллах ёстой” гэв. Төрөлх аймагт маань болж бүтэж буй зүйл олон бий. Гэхдээ өөрсдийгөө магтаж суух цаг одоо биш. Болохгүй байгаагаа илэн далангүй ярьж, үйл ажиллагаа болон сэтгэлгээгээ хэрхэн шинэчлэх вэ, яаж Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож, төрийн албанд хариуцлага, сахилга, ёс зүйг хэвшүүлэх вэ гэдгээ л ярих ёстой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Тиймээс Баянхонгор аймгийн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгааллын салбарт оршиж буй дутагдлыг баримтаар шүүмжилж, энэ байдлыг өөрчлөн сайжруулахыг анхааруулав.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдөр тус аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг нь сонслоо. Түүний зочилсон эхний газар нь “Торлон” хүнсний үйлдвэр байв.

2001 онд дөрвүүлээ үйл ажиллагаагаа эхэлж байсан тус үйлдвэр одоо 40 ажилчинтай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа талх, нарийн боовны хэрэглээний 40 хувийг дангаар хангадаг болсныг үйлдвэрийн дарга И.Батдэлгэр танилцууллаа. Тэрбээр ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авах гэж хандаж үзсэн ч олдоогүй, банкны зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөж, техник технологио шинэчилсээр өнөөг хүрсэн гэв. Мэргэжлийн ажилчид дутагдалтай, залуус ажилдаа тогтдоггүй, ажил хийх дургүй болсон нь бидэнд тохиолдож буй хамгийн гол бэрхшээл болоод байна. Үүнд нөлөөлж, өөгшүүлж буй хавтгайрсан халамжийг багасгамаар байна гэсэн саналыг И.Батдэлгэр Улсын Их Хурлын даргад тавилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Буянт Богд” ХХК-ийн байгуулж буй хүнсний захын барилгын ажлын явцтай танилцаад, шинээр олон ажлын байр бий болгож, эрүүл ахуй, стандартын орчин үеийн шаардлага хангасан хүнсний захын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж буй тус компанийн хамт олонд ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.

Тус хүнсний захын барилга нь 6000 гаруй ам метр талбайтай, эрүүл ахуйн лаборатори, зориулалтын хөлдөөгчтэй, мах, сүү, цагаан идээний төвлөрсөн зах болох юм байна. Хүнсний захын барилга 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бөгөөд энэ оны 4 дүгээр сард ашиглалтад орж, 600 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн захирал Б.Энхтүвшин ярилаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн сонгогдсон тойргийн 6 сум, аймгийн төвд арьс, нэхий боловсруулах жижиг үйлдвэр байгуулах ажлыг санаачлан дэмжжээ. Тэдгээрийн нэг “Хөвших” үйлдвэр өдөрт 100 нэхий, 50 хурганы арьс элдэж, нэг бүрийг 25000-40000 төгрөгөөр борлуулдаг, борлуулалт маш сайн байгаа аж. Зөвхөн хонины нэхий, хурганы арьс биш, тугал, унага, чоно, үнэгний арьсыг ямар ч химийн бодис хэрэглэхгүйгээр уламжлалт монгол аргаар шүүлэн идээлж, боловсруулдаг юм байна. Цаашид үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөх эрмэлзэлтэй байгаа талаараа үйлдвэрийн дарга Ц.Жавхланбаяр танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар байгуулагдсан өөр нэг газар бол үйлдвэрлэл, үйлчилгээний “Ажилсаг” төв юм. Бизнес эрхлэгчдийг ажлын хямд байраар хангах, гарааны бизнесийг дэмжих, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “инкубатор” болгох зорилгоор байгуулсан. Эхний үр дүндээ хүрч, өнөөдөр энд 50 гаруй иргэн, аж ахйн нэгж үйлдвэрлэл эрхэлж, бизнесийн сургалт явагдаж байна гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзахдаа хэллээ.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ жил жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор аймгаас 960 сая, сум хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл олгоно гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЖДҮ-ийг дэмжих сангаас аймаг бүрт 1.0 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн, түүний 500 саяыг “Ажилсаг” төвийнхөнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь зориулж олгоно гэдгийг дуулгаад, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэхээс аль болох татгалзаж, нэгнийхээ боловсруулсан түүхий эдийг нөгөөх нь худалдан авч бүтээгдэхүүн хийх, хөдөлмөрөө хорших замаар кластерийн чиглэлээр ажиллахыг эрмэлзэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологио сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг захилаа. Түүнчлэн орон нутгийн удирдлага бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг зээл болон бусад хэлбэрээр дэмжих бодлогыг тууштай баримталж, сургалтад хамруулах, мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Хийж бүтээх эрмэлзэл эрс идэвхжсэн нь анзаарагдаж байна. Иргэдийнхээ шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх, хийж бүтээх эрмэлзлийг дэмжих нь бидний нэр төрийн хэрэг. Ажилсаг хүний гар даардаггүй гэдэг. Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно” гэж уулзалтын үеэр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *