Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өчигдөр /2023.08.30/ 10-11 цагийн орчимд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал, Цээл сумаас 50 км-ийн зайд орших Дэрстэй багийн иргэн болох 15 настай хүү энэ сарын 21-ний өдөр тарвага агнаж, гэртээ наймуулаа идсэн гэх өгүүлэмжтэй байжээ.
Нас барсан хүүхдийн задлан шинжилгээг өчигдөр оройны 10 цаг 35 минутад Говь-Алтай аймгаас Улаанбаатар луу явуулсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч тарваган тахал мөн болох нь батлагджээ.
Энэ тухай ЗӨСТ-өөс, “2023.08.29-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол 2023.08.31-ний өдөр Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи (PCR)-ийн шинжилгээгээр тус тус ЭЕРЭГ тодорхойлогдож тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа” хэмээжээ.