Categories
мэдээ улс-төр

Г.Уянга: Ерөнхийлөгчийг огцруулахаар 5,000 иргэний санал дүнг цуглуулаад байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах суулт тэмцлийнхээ талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах гол шалтгаанаа дараах байдлаар тайлбарласан юм. Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулчихвал түүний хууль зөрчсөн олон үйлдлийг буцаан сөхөх боломжтой болно. Мөн Ерөнхийлөгчийн сэнтийнээсээ бууснаас хойш олгогддог эрх ямбуудыг эдлүүлэхгүй байх үндэслэл үүснэ хэмээж байв. Хэрвээ хоёр сарын дараа дараагийн Ерөнхийлөгч сонгогдон халаагаа өгвөл түүний хийсэн бүх ажил нь үргэлжлээд явах учир Ц.Элбэгдоржид хариуцлага тооцох боломж гарахгүй гэж байв.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Монгол Улсын ерөнхийлөгчийг огцруулах иргэдийн гарын үсэг цуглуулах, ерөнхийлөгчийн найман жилийн үйл ажиллагаанд дүн тавих үйл ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж 5,000 гаруй иргэдийн санал, дүнг цуглуулаад байна.

Энэхүү тэмцэлд “Дархан Монгол” нэгдэл, Ард Түмний Онц Түр зөвлөл, “Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”,”Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнийхөн нэгдсэн.

Ирэх Лхагва гараг буюу 2017 оны тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд суулт хийнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дараах үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байна.

-Монгол Улсад татвар төлөхгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөсөн.

-Мөн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөлгүй “Байнга төвийг сахих статус” гэгчийг дэлхий нийтэд шууд зарласан.

-Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д танилцуулалгүй ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35-р зүйлийн 35.1 дэхь заалтыг тус тус зөрчсөн.

-Үндсэн хууль, эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээрээ атал цаазаар авах ялыг хүчингүй болгох санал санаачилга гаргаж, цаазын ял сонссон хүн бүрд бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлнэ гэж хуульт ёсыг уландаа гишгэж, харгис гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн.

-Харийн шашны гаж урсгал МҮҮН-тэй холбогдож МҮҮН-ийн БНСУ дахь салбар байгууллагаас сонгуулийн санхүүжилтээ босгож байсан гэх зэрэг ерөнхийлөгчийг огцруулах олон үндэслэл байна.

Бид Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй тэмцээгүй, гадны гар хөл болсон том бүлэглэлийн ул үндэсийг нь таслах тэмцэл. Ерөнхийлөгчийг тангаргаа зөрчсөн эсэхийг тогтоох цор ганц байгууллага нь УИХ юм. Гэтэл ерөнхийлөгчид хариуцлага тооцох чадваргүйгээ УИХ нотлон харуулсаар байна.

Хэрэв УИХ хариуцлага тооцож чадахгүй юм бол сонгосон ард түмэн нь хариуцлага тооцно.

Бидний өмнө хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг сонголт байгаа” гэв.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Энэ Лхагва гараг гэхэд Үндсэн хуулийн 35-р зүйлийн хоёр дахь хэсгийг баримтлан ерөнхийлөгч тангарагаасаа няцсан болох нь Үндсэн хуулийн дүгнэлтээр тогтоогдвол хуралд ирсэн иргэдийн олонхийн саналаар огцруулна гэсэн заалтын хүрээнд мэдээлэл гаргаж байгаа.

Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэц дээр нотлон ярих болно. Ирэх Лхагва гарагт бид Үндсэн хуулийн цэцэд гомдолоо гаргана” гэлээ.

Мэдээлэл хийснийхээ дараа Г.Уянга үргэлжлүүлэн Сүхбаатарын талбай дээр суун гарын үсэг цуглуулах ажлаа хийнгээ ирсэн хүмүүст яагаад огцруулах болсон шалтгаанаа тайлбарлан сууж байлаа.

О.ӨНӨР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *